Аялал жуулчлалын салбарт “Оскар” гэгддэг “WTA Awards” хүндтэй шагналын эзнээр Санкт-Петербург хот гурав дахь удаагаа тодорчээ. Санкт-Петербург хот өмнө нь 2016, 2017 онуудад мөн "Дэлхийд тэргүүлэх соёлын хот"-оор шалгарч байжээ.

“World Travel Awards” буюу аялал жуулчлалын хамгийн хүндтэй шагнал гардуулах ёслол Португалийн Лиссабон хотод энэ сарын 1-нд болсон байна. Уг шагналд өрсөлдсөн Парис, Лондон, Ром, Венец, Нью-Йорк, Рио-де-Жанейро, Бээжин зэрэг хотыг Санкт-Петербург хот ардаа орхиж, түрүүлсэн байна. Шагналыг Санк-Петербург хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооны үзэсгэлэнгийн товчооны ерөнхий захирал Андрей Мацаринд гардуулсан байна.

“World Travel Awards” шагнал нь анх 1993 онд Лондон хотод бий болжээ. Ялагчийг хоёр үе шаттайгаар тодруулдаг байна. Эхний шатанд цахим санал асуулгаар нэр дэвшигчдийг сонгосны дараа аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчид шилдгийг тодруулдаг ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС