УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж байна. Тус хуралдаанаар Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт дээрх нэр бүхий хүмүүст хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэний дагуу уг асуудлыг хэлэлцэж буй.

Хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд холбогдох асуудлыг хэлэлцсэн ч тэрээр хуралдаанд оролцсонгүй.

Тэрээр өнөөдөр "Монгол төрд бугшсан бусармаг явдал, зохиомол гажуудлыг засахын тулд зогсолтгүй зүтгэнэ. Үүний тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна" хэмээн мэдэгдэл гаргаад буй. /ЭНД дарж тус мэдэгдлийг бүрэн эхээр нь уншина уу./

Тиймээс Эдийн засгийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, олонх нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар оролцож байна.