УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх тухай албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өгсөн хариу мэдэгдэлийн талаар хэлэлцэж нэгдсэн байр сууриа гаргасан байна. Энэ талаар өнөөдөр тус намын бүлгээс мэдээл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвшилцөх санал хүргүүлсэн. Тус саналд бүх яамны сайдыг давхар дээлтэй, УИХ-ын гишүүдээс томилж байгаа нь Үндсэн хуулийн 4.1.2, 4.1.3 зэрэг олон заалтыг зөрчиж байна гэдгийг сануулсан. Мөн Сангийн сайдад нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй. Учир нь Ч.Хүрэлбаатар нь уул уурхайн бизнест тодорхой ашиг сонирхолтой хүн хэмээн  мэдэгдсэн. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн энэ саналыг дэмжиж байна" гэв. 

Мөн тэрээр МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар "давхар дээлээс татгалзана" гэсэн амлалт өгснөө зөрчиж, Засгийн газрыг давхар дээлтэй хүмүүсээр бүрдүүлж байна. Манай намын бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, үндсэн чиг үүргийн сайд нар давхар дээлтэй байж болно. Харин бусад сайдад гаднаас мэргэжлийн хүн томил гэсэн хүсэлт хүргүүлсэн ч хүлээж авсангүй гэдгийг онцоллоо.