Иргэн С.Амарсанаа эрүүл мэндийн байгууллагууд COVID-19 халдварын оношлуурыг өндөр үнээр худалдаж авч байгаа талаар мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн.

Тэрбээр "Би 2 сарын 5-нд Яаманд хандивласан энэ генийн PCR оношлуураа нэгийг нь 10 доллараар авсан шүү дээ. Гэтэл ЭМЯ 100,000 төгрөгөөр оношлуур авч байгаа гэж мэдэгдэл хийх юм. Би уг хямдаар олоход тусалж чадна шүү гэж тухайн үед нь зөндөө хэлсэн шүү дээ. Яагаад ийм байдаг юм бэ?" хэмээн бичжээ.

 Тэгвэл ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах тайлбарыг хийлээ.

"Бид тангараг өргөсөн эмч нар. Хэн нэгний өвчин зовлон дээр дөрөөлж нэр хүнд, ашиг орлого олох сонирхол бидэнд байхгүй. Эрүүл мэндийн салбарын 52,400 албан хаагч өдөр шөнөгүй монгол хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Энэ их ажлын хажуугаар аливаа нэг гүтгэлэг, доромжлол хийхгүй байхыг хүсье." гэв.