Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайг Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар "Номин холдинг" ХХК-д олгогдсон бөгөөд иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан билээ.

Ийнхүү дүүргийнхээ иргэдийн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус барилгыг барих зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг хотын даргад бичгээр уламжилж, өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан иргэдтэй газар дээр нь ирж уулзлаа.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Анхнаасаа энэ газрын барилга байшин барь гэж газар олгодог асуудал нь буруу байна. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсч, үл ойлголцох асуудал гарсан. Энэ асуудлыг бид хууль дүрмийн дагуу аль аль талыг харгалзан шийдвэрлэнэ. Гэхдээ яг энэ байршилд бол барилга байшин барих асуудал байхгүй. Хэрвээ барилга байшин барихаар болвол иргэд, оршин суугчдынхаа саналыг аваад аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор ерөнхий төлөвлөлтийн дагуу хууль дүрмийн дагуу цогцоор нь асуудлыг шийднэ. Тийм учраас та бүхэн энэ асуудалд санаа зоволтгүй тайван байж болно. Бид энэ асуудалд байнга анхаарал тавьж ажиллана. Харин хорооны иргэд та бүхэн энэ орчноо илүү ногоон байгууламж болгоход бүгд гар бие оролцоорой” хэмээв.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны оршин суугчид хотын Захирагчид өөрсдийг хүсэлтээ энэ үеэр уламжилсан. Тэд өөрсдөө санал санаачилга гарган, яг энэ маргаан үүсгээд байгаа газарт орчин үеийн шийдэлтэй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зураг төсөл, төсөв, төлөвлөгөөг гаргаж, нийслэл, дүүрэг рүү албан ёсоор хандан тусламж дэмжлэг хүсэн хамтарч ажиллах саналтай байгаагаа гэдгээ хэлсэн юм. Иргэдийн энэхүү санал санаачилгыг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ хотын Захирагч илэрхийллээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тус ногоон байгууламж бүхий талбайг дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн болгож, иргэдийг амар тайван, ая тухтай таатай орчинг бий болгож өгнө хэмээлээ.

Мөн Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дүүргийн удирдлагуудаар дамжуулан тус ногоон байгууламж бүхий талбайг жишиг цэцэрлэгт хүрээлэн болгоход дэмжин ажиллана гэдгээ мөн илэрхийлсэн байна.