Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байгаа билээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг огцруулах 15 гишүүний гарын үсэгтэй санал оруулсан байна. Тэрбээр төрийн мэргэшсэн албан хаагчдыг хуулийн үндэслэлгүйгээр дур зоргоороо халж, сэлгэж, Туулын бургасыг хядсан явдал нь ажлаа өгөх хангалттай шалтгаан гэлээ. 

Уг асуудал дээр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд хариулт өглөө.

Энэ бол Ж.Батсайхан гэж хүний өөрийнх нь ажилтай хариуцлага тооцсонтой холбоотой асуудал. Нийслэл дээр болохгүй байгаа олон ажил бий. Эхнээсээ хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж байна. Нийслэлийг авгай хүүхдүүдийнхээ бизнес болгочихсон хүмүүстэй цаашдаа ч асуудал ярина. Ингэж төрийн ажлыг өөрчилж, хариуцлагатай болгох тал дээр өөрчлөлт хийж байгаа. Өнөөдөр нийслэлийн ажил хавтгайрсан, назгайрсан, авлигын асуудал зах замбараагаа алдаж ирсэн. Үүнээс үүссэн өнөөдрийн асуудлууд гарч, түүнийг цэгцлэх гэхээр шүүмжилдэг дайрч давшилдаг. Төрийн албыг хувийн сонирхлынх болгочихсон нөхдийн зохион байгуулалттай ашиг сонирхол бий. Надад энэ бүхнээс айж хулгаад байх зүйлгүй.