Нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр хуралдлаа. 

Тус зөвлөлийн өмнөх хуралдаанд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг буурууулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” тогтоолын төслийг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Энхтөр болон холбогдох албаныхан танилцуулж, хэлэлцүүлсэн юм.

Уг асуудалд Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн түгжрэлийг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдруулах нь хотын удирдлагууд та бидний үндсэн чиг үүргийн нэг. Бүсчлэлд хуваах ажил цаг үеийн шаардлагадаа нийцсэн, хүмүүсийн ухамсар, хариуцлагатай уялдсан үр дүн гарахуйц байх ёстой. Харамсалтай нь бид нэг алдаа гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар ач холбогдолтой, хэрэгжүүлэхгүй бол ямар хохиролтой юм гэдгийг иргэдэд ойлгуулах мэдээ мэдээллээ сайн түгээгээгүй. Иргэдийн дунд буруу ташаа ойлголт маш их байна. Наймдугаар сарын 15-н хүртэл хэд хэдэн хувилбараар санал асуулга явуул. Ингээгүйгээс болж та бүхний мэдээлсэн мэдээлэл замын түгжрэлийг шийдэх бус торгууль хураах ажил болж олон нийтэд харагдаад байна.

Бүсчлэлийн ажилд буруудах ажил нэг ч байхгүй. Иргэддээ зөв ойлгуулах тал дээр анхаарч ажилла. Наймдугаар сарын 15-ны дотор энэ асуудлыг шийдсэн байхаар яаралтай ажилдаа ор. Хэвлэл мэдээллийн бүх салбараар иргэдийн дунд санал асуулга явуул. Долоо хоногийн дараа ямар ажлууд зохион байгуулсан тухай эргээд танилцуулаарай" гэв.

Мөн тэрээр "Орон нутгийн дугаартай автомашины асуудал байна. Улаанбаатарт 17 мянган автомашин түр буюу байнга оршин сууж байна гэсэн судалгаа байна. Хот замынхаа ачааллыг дийлэхгүй байхад орон нутгийн автомашиныг явуулах юм уу, үгүй юу гэдэг асуудлаа эхлээд харах ёстой байсан. Өөрсдөө түгжрэлээ дийлэхгүй, шийдэж чадахгүй байж орон нутгаас ирж байгаа явуулын автомашиныг хүлээн авахгүй, явуулахгүй байх эрх хотод бий. Энэ 17 мянган машиныг хотын хөдөлгөөнөөс авчихвал хөдөлгөөний эрчим хэрхэн буурахыг хүн болгон мэдэж байгаа” хэмээлээ.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс