Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрын "Номин холдинг" ХХК-д олгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд буй. Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын дарга С.Амарсайханд албан бичиг илгээж тухайн газрын зөвшөөрлийг цуцалж ногоон байгууламжаар нь үлдээхийг хүсжээ.

Энэ тал дээр талууд байр сууриа илэрхийлж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:

Уг газар тухайн компанид нь олгогдсон газар юм билээ. Гэхдээ барилга байшин барих зөвшөөрөл олгогдоогүй. Надад ХУД-ийн иргэдээс, Засаг даргаас нь ч тухайн газрын зөвшөөрлийн цуцалж ногоон байгууламжаар нь үлдээх хүсэлт ирсэн. Үүний дагуу Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллийг нь авсан. Цаашид бид ногоон байгууламжаар нь үлдээх тал дээр л асуудлыг судалж байна.

Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа:

ХУД-ийн дүгээр хорооны нутаг дэвсгэр 16 дугаар байрны урд талд ногоон байгууламж байгаа газар Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон. Одоогийн эзэмшигч нь "Номин холдинг" ХХК. Үүнээс өмнө өөр ААН эзэмшиж байгаад эрхийг нь шилжүүлсэн байдаг. Анх 2003 онд ААН-ийн мэдэлд очсон. Хамгийн сүүлд 2017 оны сүүлээр "Номин холдинг" ХХК-ийн мэдэлд шилжсэн. Шат шатандаа техникийн нөхцөл авчихсан зургийг нь судалж  үзэх шаардлагатай. Газрын тухай хуульд хүчингүй болгох 40 дүгээр заалт бий. Гэхдээ яаран сандран хүчингүй болгочихвол тухайн ААН эргээд шүүх, хууль хяналтын байгууллагад хандах эрхтэй. Эрх нь эргээд сэргэх ч үндэслэлтэй учраас энэ асуудлыг нарийвчилж үзэх шаардлагатай. Яагаад гэвэл хуулиараа газраа хоёроос дээш жил ашиглаагүй ААН, иргэдийн газар эзэмших эрхийг цуцалдаг. Тэгэхээр хамгийн сүүлд гарсан огноогоор тооцоход хоёр жилдээ хүрэхгүй байгаа юм.Тиймээс МХГ-тай хамтран шат дараатай арга хэмжээ авахаар ажиллаж байна.