Монгол Улсын Засгийн Газар 62 дугаар тогтоол гарган, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, шахмал түлш хэрэглэж эхэлсэн нь Нийслэл Улаанбаатар хотын утааг мэдэгдэхүйц бууруулаад буй билээ.

Харамсалтай нь шахмал түлш хэрэглэж эхлэх үетэй зэрэгцэн, олон жилийн дунджаас хэд дахин илүү хүн угаартаж амь насаа алдсан аймшигтай хэрэг гарсан. 

Биологийн шинжлэх ухааны доктор Ш.Пүрэвсүрэн sonin.mn сайтад өгсөн ярилцлагадаа шахмал түлшинд хүмүүс яагаад хордоод байгаа талаар болон өглөө толгой нь өвдөж, хүүхдийн хамраас цус гараад байгаа зэрэг асуултад хариулт өгчээ.

Биологийн шинжлэх ухааны доктор Ш.Пүрэвсүрэн: 

Зарим хүмүүс ярьж байгаа шахмал түлш дэндүү халах юм гэж. Халаад байж суухын аргагүй болоод, хаалга үүдээ онгойлгоод, бүгчимдэж үхэх байна гэж байна. Үүний гол тайлбар бол энэ битүү агаар дотор гучин хүн чихээд суухад тэр хүмүүс хоёр цагийн дараа цонхоо онгойлгооч бүтэж үхлээ шүү дээ гэнэ. Тэр бүтэж үхлээ шүү дээ гэдэг чинь агаарт байгаа нүүрс хүчлийн хий нь ихэсчихээд байгаа юм л даа. Агаараар нь бид нар амьсгалаад буцаагаад нүүрс хүчлийн хий гаргадаг. Үүнээс болж хордож байна.Та нар шөнө өрхөө битүүлээд, хаалга үүдээ таглаад унтах юм бол үхнэ. Хамаг агаарыг чинь шахмал түлш зуух руу сорж аваад яндангаар гаргаад байна. Энэ шахмал түлш чинь хоёр дахин их агаар шатааж байгаа шүү дээ. Багануурын нүүрс бол 3200 орчим илчтэй, шахмал түлш чинь 6000 илчтэй. 6000 илч гаргахын тулд тэр хэмжээгээр агаар хэрэглэнэ. Тэр жижигхэн Монгол гэрт байгаа, тэр жижигхэн галлагаатай байшинд байгаа айлууд агаарын дутагдалд орно. Яндангийнхаа сойлтыг хаах юм бол тэгээд л өнгөрөө. Тэр угаартдаг айлууд чинь дандаа сойлтоо хаачихсан байгаа." хэмээн тайлбарласан юм.

Өөрөөр хэлбэл цэвэр шахмал түлшийг хэрхэн хэрэглэх талаар холбогдох албан тушаалтан нь хариуцлаггүй ажилласнаас үүдэн олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан гэсэн үг.

Тэгвэл уг ажлыг хэн хариуцаж байв?

Баримт сөхье.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны төлөөлөл 2019 оны 6-р сарын 18-нд “Таван толгой түлш” ХХК-д ажиллаж Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгааг газар дээр нь шалгасан байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх:

"Өнөөдөр түлшний үйлдвэрийн зарим шугамууд ашиглалтад орж байна. Наадмын өмнө үлдсэн шугамууд ашиглалтад орсноор нийт найман шугамаар үйлдвэрлэлээ явуулах боломж нээгдэнэ. Ингээд энд үйлдвэрлэсэн түлшээ бүрэн хэмжээнд ашиглаж чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол 40-50 хувиар багасна гэж тооцоолж байна. Засгийн газраас шаардлагатай бүх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Одоо түлшийг ард иргэддээ хүргэх асуудлыг нийслэл хот хариуцаж, бүх шатандаа хариуцлагатай зохион байгуулах учиртай." гэж онцгойлон анхааруулж байжээ.

Харамсалтай нь Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд  түлшийг иргэдэд хүргэх, таниулах ажлаа муу хийсэн тул олон хүн амиа алдсан нь тодорхой болж байна.

Утааг бууруулсан У.Хүрэлсүхийн шийдвэр яах аргагүй хувьсгал байсан.

Гэхдээ сайны хажуугаар сайр гэгчээр С.Амарсайхан мэтийн Нийслэлийн удирдлагуудын хариуцлагагүй хайнга байдлаас болж л уг хувьсгал хэрэгжиж эхлэх явцдаа олон арван хүний эрдэнэт аминд хүрчихсэн нь ч бас түүхэнд үлдэх нь гарцаагүй юм.

С.Амарсайхан л хариуцлагатай ажилласан бол Улаанбаатарын утааг бууруулах ажлыг олон хүний амь золихгүй хэрэгжүүлж болох байв


н.Ичинхорлоо