Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй ажлын албаныхан өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцов.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хот, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож, үйл ажиллагаагаа уялдуулах, цаашид тулгамдаж байгаа олон асуудлуудыг хамтарч шийдэх ажил хэрэгч уулзалт болж байгаад баяртай байна. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үйлдвэр, технологийн паркууд, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн оновчтой бодлого чухал нөлөөтэй тул та бүхэнтэй хамтран зарим шийдлүүдийг гаргах хэрэгтэй байгаа юм. Хотын асуудлыг хот дангаараа шийдвэрлэхэд хүндрэлтэй болсон. Үүнд Засгийн газар, салбарын яамны оролцоо чухал. Тийм учраас УИХ, Засгийн газартай хамтарч, нийслэлийн тулгамдсан асуудал болох эрх зүй, эдийн засаг, аж ахуй, дэд бүтцийн асуудлууд дээр бодлого үйл ажиллагаагаа нэгтгээд ажиллах нь чухал байна” гэлээ.
Талууд мал эмнэлгийн лабораторийн болон үйлчилгээний барилга байгууламж, үйлдвэрлэл, технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэл дэх эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг хамтран зохион байгуулах, үйлдвэрлэл, инновацын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хурдацтай эхлүүлэх тал дээр хамтрахаар боллоо.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хотын удирдлагын зүгээс санал тавьсан төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа нэгтгэв.
103.229.121.151
Хариулах 2019.05.15
Их олон үүрэг рольгүй сул цалин авдаг иргэдийн төлөөлөгч нэртэй халтаруудаа л больчих Хот.дүүрэг дүүрэн хийх ажилгүй хов ярьсан ИХТ сэтэртэй нөхдүүдийн төсөв цалингаар хотоо хөгжүүл !!!!100 ямаанд 60 ухна гэгчээр дүнхүү толгойтууд хэрэггүй.
0 0