Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөний үеэр хотын дарга С.Амарсайхан “Автомашин хэрэглэгчдийн даатгалын үйл ажиллагааг сайжруулах, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулаагүй бол асуудлыг нь даатгалаар түргэн шуурхай шийддэг хэлбэрийг тодорхой болгох, хариуцлагагүй жолооч нарын буруутайгаас болж замд “зохиомол” түгжрэл үүсдэг байдлыг өнөөдрөөс эхлэн таслан зогсоо. Жолооч бүр гар утастай, гар утсаараа ослын зургаа дараад, түүнийг нь замын цагдаа, даатгалын компаниуд эх сурвалжаа болгодог байдлыг хэвшүүлж, нэн даруй зам чөлөөлөх ажлыг зохион байгуулдаг байх шаардлагатай.

Автомашин ачдаг компаниудын үйл ажиллагааг цэгцэл. Мэдээж зогсох ёсгүй газар зогссон бол ачих нь зөв. Гэхдээ жолоочид мэдэгдэлгүйгээр журмын заалтыг хэрэгжүүлэхгүйгээр шууд ачаад явдаг байдлыг зогсоо. Цагдаагийн албан хаагчид үүнд тавих хяналтаа дээшлүүл. Зарим иргэнээс цагдаагийн ажилтан, албан хаагчид ачилтын ажилд хамтарч оролцож байна гэсэн гомдол, санал ирдэг. Энэ асуудалд холбогдох газрууд хяналтаа тавьж, дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажилла” хэмээн үүрэг өглөө.

Тэрээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудыг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулав.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс