Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо. 

Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн салбарын манлайлагчид, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.

Хурлын үеэр Улаанбаатар хот цахим шилжилтийн талаар ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар Хотын Захирагч С.Амарсайханаас тодруулахад “Дэлхий нийтэд өрнөж буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал Монгол Улсын эдийн засаг, нийгмийн төв болох нийслэл хотын иргэдийн амьдрал, хөгжилд ч зайлшгүй нөлөөлнө. Иргэдийн хүсэл шаардлага хүлээлт ч их байна. Эхний ээлжид бид гэр хорооллын 151 хороог өндөр хурдны шилэн кабелд холбож, төрийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Мөн иргэдийн цахим оролцоог хангахын тулд ихэнх хороонд 50 метр бүст үнэгүй интернетийн үйлчилгээ хүргэж байна. Гэр хорооллын иргэдийн цахим дэд бүтцийг хүргэх технологийн боломж нь “LTE технологид суурилсан утасгүй сүлжээ”-г барьж байгуулах нь зүйтэй гэсэн шийдлийг мэргэжилтнүүд гаргасан. 

Бид гэр хорооллын иргэдийн дэд бүтцийг сайжруулах, хотын иргэдийг аюулгүй орчинд амьдруулах зорилгоор 6000 орчим камерын нэгдсэн хяналтын сүлжээ байгуулах ТЭЗҮ боловсруулаад байна. Мөн Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санг бий болгох томоохон ажил ид өрнөж байна. Бид дижитал шилжилт хийхийн тулд иргэдийн цахим оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үйлчилгээ авч буй иргэд хурууны хээгээ уншуулан зарим төрлийн лавлагааг үнэмлэхний хуулбар, нотариатийн баталгаа зэргийг шаардахгүй түргэн шуурхай авах боломж бүрдсэн. Энэ нь иргэдэд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжийг бүрдүүлж байна” хэмээв.

Тус олон улсын бага хурлаас гэрэл зургаар онцолж байна.