Бизнесийн зөвлөх зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр цахимаар боллоо. 

Энэхүү хурлаар “Ковид-19” цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес эрхлэгчид гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбартай холбоотой асуудлаар санал солилцжээ. Тус зөвлөл оны өмнө байгуулагдсан. Зөвлөлийн даргаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ажиллаж байна. Эдийн засгийг сэргээх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөөг иргэдэд нээлттэй, ил тод болгох шаардлагатай байгаа.

Тиймээс холбогдох дүрэм журмыг өөрчилж, илүү энгийн, уян хатан нөхцлөөр ажиллах боломж бололцоог бүрдүүлэхээр зорьж байгаа гэж Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ. 

Зөвлөлийн гишүүдийн зүгээс цар тахлын үед ажлын байрыг хадгалах, салбар хоорондын уялдаа холбооноос үүдэж эдийн засаг хүндэрч байгааг анхаарч өгөхийг хүссэн юм. Цар тахлын халдвар хамгаалалтын үед бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж ажиллана гэдгээ Шадар сайд энэ үеэр тодотгов.