Мексикийн ёслолын буудлагын салютын үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 24 хүн амь үрэгджээ. Энэ тухай хотын эрх баригчид "Твиттер" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
 
Мексикийн салют үйлдвэрлэдэг хамгийн том төвүүдийн нэг болох Тультепек хотын үйлдвэрт нийт 4 удаа дэлбэрэлт болжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд бага насны хүүхэд байсан байна. Түүнчлэн эхний дэлбэрэлтийн дараа ослын газар ирсэн хэд хэдэн цагдаа, гал сөнөөгчид амиа алджээ. Дэлбэрэлтийн улмаас 49 хүн бэртэж гэмтсэн байна.  

2016 оны 12 дугаар сард Тультепек хотод дэлбэрэлт болсны улмаас гал гарч, хотын салютын зах сүйрч байжээ. Тэр үед 42 хүн амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг