Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт Гадаадын иргэн харьяатын газрын дэд дарга асан Б.Цолмон, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,


Шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,


Шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18  сая төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13 сая 500 мянган төгрөгийн торгуулийн ял оноолоо.


Мөн Д.Адилбаяраас 35 сая төгрөг, Б.Цолмонгоос 5 сая төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв