Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-ноос нийслэлийн иргэд өрхийн 86 эмнэлэг, 18 цэгт сайн дураараа коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх боломжтой. Ингэхдээ дугаарлалт, бөөгнөрөл үүсгэхгүй тулд шинжилгээ өгөх цагаа утсаар юмуу цахимаар, шинжилгээний хариугаа цахимаар авах аж. /Шинжилгээ авах газруудын хаяг, байршлыг ЭНД дарж үзнэ үү/

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дээрх газруудад коронавирус илрүүлэх түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна. Одоогоор 6764 хүн шинжилгээнд хамрагдсан.

Иргэд шинжилгээнд хамрагдахдаа эхлээд заавал цаг авах ёстой. 18000119 дугаарт холбогдож юмуу, https://119.mn/ сайтын "Сайн дурын шинжилгээ" хэсэгт регистерийн дугаар, хаягаа бүртгүүлж цаг авна. 

Цаг аваад шинжилгээ өгсний дараа хариугаа  мөн https://119.mn/ сайтын "Шинжилгээний хариу" хэсэгт регистерийн дугаараа оруулснаар үзэх боломжтой. 

Иргэдийг аль болох бөөгнөрүүлэхгүй, олон хүн болон цаастай харьцуулахгүй байхын тулд дээрх арга хэмжээг аван ажиллаж байна. Иймд хариуг цаасаар өгөхгүй. Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүж, бээлий өмссөн байна. Шинжилгээ өгөх гэж яарч, бөөгнөрөх шаардлагагүй" хэмээлээ.