Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Нийгмийн даатгалын сантай холбоотой маргаан үүсгээд буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний өмнө буюу 2012-2016 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүнийг Нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар шалгаж буйг мэдээлсэн. Мөн Нийгмийн даатгалын сангийн даргын алба хашиж байсан хүнийг шалгаж, түр саатуулсан гэсэн асуудал байна.

"Энэ хэрэгт С.Чинзориг холбоотой, буруутай, Нийгмийн даатгалын мөнгийг С.Чинзориг цөлмөсөн" гэх зэрэг захиалгат, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл ихээр гарч байна. Би сайдын албан тушаал ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгоогүй гэдгээ тухай бүрт нь мэдэгдсэн. Харамсалтай нь сүүлийн үед гүтгэлэг тасралтгүй үргэлжлэх янзтай байна. 

Хамгийн ноцтой нь өчигдөр "Бямбабаатар Монгол" гэсэн фэйсбүүк хаягнаас "Улсын Ерөнхий прокурорын газраас Эрдэнэ нарыг яллагдагчаар татахаас татгалзаж, С.Чинзориг нарыг яллагдагчаар татахаар болжээ" гэсэн худал мэдээллийг олон нийтэд түгээж, миний болон байгууллагын нэр хүндэд халдлаа.

Тиймээс би уг асуудалд цэг тавих нь зүйтэй гэж үзэж, өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон эсэх асуудлыг мөрдөн шалгаж, хариу өгнө үү гэсэн өргөдлийг АТГ-ын даргад өнөөдөр өглөө. 

Эрх ашгийн зөрчилтэй, бусдад давуу байдал олгосон асуудал надад байхгүй гэдэгтээ би итгэлтэй байна. 

Төрий өндөр албан тушаалтнууд янз бүрийн асуудалд холбогддог ч удалгүй таг болдог. Энэ асуудалд цэг тавьж, асуудлыг цэгцлэхийн тулд өөрийгөө шалгуулахаар боллоо" хэмээн мэдэгдлээ.