Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өчигдөр Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны сайд Аранча Гонзалестай утсаар ярилаа. 

Энэ үеэрээ хоёр болон олон талт хамтын ажиллагааны зарим асуудал, КОВИД-19 цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл солилцов. 

Сайд Н.Энхтайван Испани Улсад амьдарч буй 1500 гаруй монгол иргэнд анхаарал хандуулж туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг сайд Аранча Гонзалесаас хүслээ. 

Сайд Аранча Гонзалез хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлоод, цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг богино хугацаанд даван туулж, сөрөг нөлөөг бууруулахад олон талт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг сайд нар цохон тэмдэглэлээ.



Эх сурвалж: Гадаад харилцааны яам