УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нар энэ амралтын өдрүүдэд  Өмнөговь, Дорноговь аймгуудад ажиллажээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийн явцад хяналт тавих хүрээнд энэ амралтын өдрүүдэд Өмнөговь, Дорноговь аймагт Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд болон албаны хүмүүстэй ажиллав.

Үндсэн зорилго Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх болон нийгмийн бухимдал үүсгэж, зөрчил дагуулсан зарим орд газрын маргааныг судлах байв.

Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөрзамын ажлын явцтай, мөн Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг эхлүүлэх судалгааны ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын эдийн засгийн томоохон ачааг нуруун дээрээ үүрч, нэн хүнд нөхцөлд ажиллаж буй нүүрс тээвэрлэлтийн 13,328 жолооч нартаа, Стратегийн хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтыг зах зээлийн өртгөөс гурав дахин хямд үнээр олон улсын стандартын түвшинд хийж гүйцэтгэж буй Жанжин штабын хамт олонд, үндэсний аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.