Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг өнгөрсөн 4 дүгээр сараас эхлүүлжээ. Тус ажлыг Барилга, хот байгуулалтын яамны сонгон шалгаруулалтад тэнцсэн “Хийрэв” ХХК, “Эко тайхи” ХХК, “Ховд тул” ХХК-иуд тус тус гүйцэтгэж байна. 

Цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбай дахь өдөр тутамд гарах үнэрийг дарах ажлыг Монгол эрдэмтний гарган авсан гумины бодисыг ашиглан, 3000тн орчим гумины бордоог 111500 м2 талбайд шүршэн цацаж, 15-25 см зузаантай үе үүсгэн ялзралыг зогсоож үнэр дарах арга хэмжээг авчээ. 

Харин “Эко тайхи” ХХК нь цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбайн өдөр тутамд гарах үнэрийг бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэж, "Ховд тул” ХХК нь лагийн талбай дахь үнэрийг дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажлыг хийж буй юм байна. 

Одоогоор лагийг нуруулдан үнэргүйжүүлэх бактери бүхий уусмал цацан, хэт ягаан туяанаас хамгаалсан плёнкоор хучиж компостлон темпуратурыг өсгөх, хяналтын шрупуудыг ухаж илүүдэл усны түвшинг хянан илүүдэл усыг зайлуулж хатаах арга хэмжээ авч, 5000 м3 лагийг картнаас суллан компостлон, 600 шуудай бордоог үйлдвэрлэн савласан байна.

Дээрх ажлын гүйцэтгэлийн явцтай Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөрсөн лхагва гарагт танилцсан байна. Тэрээр энэ үеэрээ лагийн үнэр эрс буурсаныг сайшааж, дараа дараагийн шат, арга хэмжээг хариуцлагатай авч, мөн үнэрийн тархац багассан талаархи чанарын хяналт шалгалтыг нарийвчлан хийлгүүлж, энэ талаархи үнэн зөв мэдээллийг иргэд, олон нийтэд цаг тухай бүрт өгч байх талаар даалгажээ.