УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар энэ сарын 21-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. 

Түүнийг удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, хойшлуулж байсан учраас ийнхүү хорих захирамж гаргажээ. Тодруулбал, аравдугаар сарын 21-нд буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ болон тус яамны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан товлогдсон. Гэвч З.Баянсэлэнгэ шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон тухайн дүүргийн шүүхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр шүүхээс татгалзаж байгаа шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй аж. Ингээд зогсохгүй өмгөөлөгчөөсөө ч татгалзах санал гаргажээ. 

Шүүх бүрэлдэхүүн З.Баянсэлэнгийн хүсэлтийг үндэслэлгүй учир хүлээж аваагүй байна. Харин өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авчээ. З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгч өмнө нь хоёр удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан юм . 

Шүүхээс дараагийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 28-нд товлосон бөгөөд тэр хүртэл З.Баянсэлэнгийг хорих шийдвэр гаргасан байна. 

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгагдаад буй.