НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төвийн автозамыг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах асуудлаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулга хийв.

Хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 610 жолоочид торгууль ногдуулжээ. Мөн таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ авч буйг танилцуулгад дурдав. Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачааллыг сааруулах чиглэлээр хийж буй ажлууд үр дүн муутай байгаа аж. Тиймээс авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. 

Энэ хүрээнд автозогсоолын тоог олшруулж, тохижуулан, татвар болон торгуулийн орлогыг бүрэн төвлөрүүлэх боломж бүрдүүлэх аж. 

Цаашид “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй аж. 

Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй, татвар болон торгуулийн төлбөрөө төлөөгүй жолоочийг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.

Мөн тэрээр "Эхний байдал буюу наймдугаар сард Цагдаагийн байгууллагын хүчээр зөрчлийг түүвэрлэж хянах боломжтой. Бүсчлэл гэсэн тэмдэг тавьсны дараа тухайн бүсчлэл рүү дээрх зөрчилтэй автомашинууд орсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар тэмдэг, тэмдэглэгээ зөрчсөн гэдэг асуудлаар давхар торгууль оногдуулна. 

Тухайн өдөр явахгүй хязгаарлалттай машин орон нутгаас ирсэн тохиолдолд яах вэ гэдэг асуудал бас байгаа. Үүнд, нийслэлийн тээврийн газартай хамтарч ажиллаж байна. Орон нутгаас ирдэг гол гол замууд дээр зохицуулалт хийж, томоохон зогсоол хийнэ. Тухайн орчинд ирсэн жолооч нар автомашинаа орхиод зөвхөн тус зогсоолд зориулсан автобусаар хотын төв рүү ордог болох асуудлыг судлаад, үр ашиг болон алдагдлын ямар нөхцөл үүсч буй талаар судалгаа хийж байгаа. 

Ерөнхий концевц нь ямар байх вэ гэхээр, машинаа орхиод тухайн зогсоолынхоо мөнгийг төлөөд тус автобусанд үнэгүй суух боломжтой. Үнэгүй суулгасан автобус нь алдагдалгүй. Зогсоолд төлсөн төлбөрийн тодорхой хувь нь дээрх автобусны зардалд орно гэж үзэж байна. Маш олон оронд үүнийг хэрэгжүүлдэг" хэмээлээ.