БНЭУ-аас бэлэглэсэн коронавирусийн эсрэг "Astrazeneca" вакцины эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хийлгэсэн. Дараа нь Эрүүл мэндийн сайд С. Энхболд удаах тунг тариуллаа. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дэлхийг хамарсан цар тахал эрүүл мэндийн төдийгүй бусад олон салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах зэрэгт эв нэгдлийг шалгасан томоохон сорилт болж байна. Монгол Улсад 10 сарын турш зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж, эмчилж байсан бол өнгөрсөн 2020 оны 11 дүгээр сараас дотоодын халвдар бүртгэгдэж эхэлсэн. Эрүүл мэндийн салбар халдварыг цааш тархаахгүйн тулд бусад салбарынхантай мөр зэргэцэн ажиллаж байна.

БНЭУ-ын буцалтгүй тусламжаар олгогдож буй 150 мянган тун вакциныг манай улс өчигдөр хүлээн авсан. Вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу эхний ээлжид нөхцөл байдалтай нүүр тулан ажиллаж буй улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн ажилтнуудад вакцин хийнэ. Дараагийн ээлжид хариу арга хэмжээний онцгой байдлын алба, цагдаа зэрэг хүчний байгууллагуудын ажилтнууд, зорилтот бүлгүүд гэх зэрэг хуваарийн дагуу вакцинжуулалтыг хийхээр ажиллаж байна. 

Хүн амын нийт 60 хувь буюу насанд хүрсэн иргэдээ вакцинжуулах ажил бүрэн хангагдсан. Энэ ондоо багтаан бүх иргэнээ вакцинжуулалтад хамруулж дуусна" гэв.