Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн харъяа байгууллагууд нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлт болон баярын өдрүүдэд хэрхэн ажилласан талаар танилцуулав.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2018 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах, 2, 3 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах нь зүйтэй” гээд дараах үүргийг өгөв. Үүнд:

  • “Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах, 
  • “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, 
  • Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.