Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллав. 

Шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа албан хаагчдын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Улаанбаатар хот руу орж гарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг хийж, халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж ажиллаж байгааг дуулгалаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил хэлэхдээ “Өнгөрсөн шөнийн байдлаар шалган нэвтрүүлэх найман товчоогоор 6500 орчим тээврийн хэрэгслийг шалгаж, шинэ төрлийн халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх  5000 гаруй  зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа. 

Түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх хоёр өрхийн дуудлага ирж яаралтай түргэн тусламжийг өгч ажилласан. Газар дээр нь очиж албаныхан шалгалт хийхэд иргэд яндангаа хөөлж, үнсээ аваагүй, угаар мэдрэгчийг байрнаас нь хөдөлгөсөн зэрэг зөрчлүүд илэрсэн. Сайжруулсан түлшний хувьд үйлдвэрээс  өдөрт 3000-5000 тонн түлш үйлдвэрлэж байгаа, барьцалдуулагч бодис урдаас өдөр бүрт 100-200 тонн ирж байгаа” хэмээн хэллээ. Угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг өрх бүрт тарааж, мэдээлэл өгсөн ч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй хөнгөн хэлбэрийн хордлогын дуудлага тасрахгүй байгааг  мөн мэдээлсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хажуугаар сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлт угаарын хийн хордлогын асуудлыг орхигдуулж болохгүйг албаныханд сануулав. Сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг иргэдэд байнга өгч байхыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх үүргийг  нийслэлийн Эрүүл мэндийн газарт өглөө.

Шалган нэвтрүүлэх цэгүүдэд хийгдэж байгаа үзлэг шалгалтаар сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-ийн албаныхан ирж тусгаарлах арга хэмжээг авна. Хяналт тавьж байгаа албан хаагчдыг контакт тогтоолгүйгээр эрсдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтыг авч ажиллах талаар нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян энэ үеэр мэдээлэв. 

Түүнчлэн цаашид түр байгуулсан шалган нэвтрүүлэх цэгүүдэд орон нутаг  болон нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж байгаа учраас нарийвчилсан судалгаа гаргаж албажуулаад, стандартын дагуу цахим системд холбож, бүртгэжүүлэх ажлыг хэрэгжүүлбэл цаашид гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах өндөр ач холбогдолтой талаар хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой хяналт зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагуудын ажиллах боломж нөхцлийг сайжруулахын тулд  Цагдаагийн газар, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтраад хяналтын пост байгуулах байршлаа тодорхой болгоод, судалгаа гаргаж  өгөхийг үүрэг болголоо.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс