Улс орон даяар онцгой дэглэм тогтоож, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг С.Амарсайхан өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа. 

Тэрээр Баянзүрх-Налайхын шинэ замд баригдах явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар холбогдох албаны хүмүүст чиглэл өгөв. Дараа нь зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост болох Налайхын Оргил худалдааны төвд очиж ажиллаа. 

Үргэлжлүүлэн Хотын захирагч С.Амарсайхан болон Нийслэлийн газар хэлтэс, агентлагийн дарга нарыг Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд Дүүргийнхээ Тамгын газрын байранд хүлээн авч,  шинэ төрлийн цар тахал болох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэл, тайлангаа хүргэлээ.  

Налайх дүүргийн Онцгой комиссын Дарга Ч.Раднаабазар "Дүүргийн хэмжээнд Улс, Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын захирамж зэргийг үндэслэн шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Налайх дүүргийн хэмжээнд амны хаалт буюу маскны хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа. Дүүргийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн энэ онд Налайх дүүрэгт нийслэлийн төсвөөс 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Тиймээс дотоод зохион байгуулалтын ажлаа эртнээс анхаарч хаврын цагт ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн удирдлагууд, албан хаагчдад хандан онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хариуцлагатай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа цар тахлаас иргэн бүр төр засгийн шийдвэрийг биелүүлж, хариуцлагатай хандаснаар эрсдэлийг даван туулах боломжтойг онцлов. Мөн амны хаалт зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтэд хомсдож байгаа учраас өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж маск үйлдвэрлэх шаардлагатайг сануулсан юм. 


С.Амарсайхан: Дэлхий нийтэд хомсдоод байгаа амны хаалтыг дотоод нөөц боломжоо ашиглаж үйлдвэрлэж  хэрэглээгээ хангах хэрэгтэй.

Үүний дараагаар Хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт байрлах ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангид очиж ажиллалаа. Учир нь энэхүү аврах ангийн бие бүрэлдэхүүн дотоод нөөц боломжоо ашиглаж  онцгой байдлын ажилтны хувцас оёх оёдлын цех байгуулжээ. Энэхүү оёдлын цех 50 оёдлын машинтай, мөн тэр хэмжээний иргэнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. 

Хотын захирагч С.Амарсайхан "Амны хаалтын хэрэглээ иргэдийн дунд огцом өсөн нэмэгдэж, олдоц муутай байгаа цаг үед иргэд өөрсдөө гарын доорх материалыг ашиглан амны хаалт хийж хэрэглэх шаардлагатай. Ийм нөхцөлд ОБЕГ-ын харьяа Уул уурхайн авран хамгаалах ангийн хамт олон та бүхэн шинээр байгуулсан оёдлын үйлдвэртээ амны хаалт оёж иргэдэд нийлүүлэх нь чухал байна" гэв. 

Тиймээс нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжид иргэдийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа амны хаалт оёж дүүрэг нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангахыг чиглэл болголоо




Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс