Мэдээлэл технологи, цахим засаглалын сэдвээр Р.Отгонтулгатай ярилцлаа.Тэрбээр ерөнхий сайдын мэдээлэл технологийн зөвлөх, НӨАТ-ын урамшууллын төслийн захирал, Иргэдэд үйлчлэх 11-11 төв, Төрийн үйлчилгээний ТҮЦ машин, Замын цагдаагийн бэлэн бус торгуулын системийн нэвтрүүлэх төслийн удирдаж хэрэгжүүлсэн хүмүүсийн нэг юм. 


-Бүгд л цахим засаглал гэж ярьдаг. Тэгвэл ярилцлагаа цахим засаглалыг энгийнээр тайлбарлахаас эхлэх үү? 

-Үүнийг компьютер хэрэглэх, гар утсаар ярихтай андуурдаг. Энэ бол төрийн үйлчилгээг гэрээсээ авах боломж юм. Гэтэл бид бүгдээрээ цахим гарын үсэг, цахим үнэмлэхтэй мөртлөө одоо болтол ТҮЦ машинаас эсвэл биечилж очиж төрийн үйлчилгээ авсан хэвээрээ л байна. Өнөө л иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа гол асуудал шүү дээ. Өндөр үнэтэй технологийг худалдаж авсан хэрнээ үр өгөөжийг нь авч чадахгүй л байна. Гэтэл энэ тоног төхөөрөмжийг ашиглаад төрийн үйлчилгээг гэрт нь хүргэхэд цахим засаглалын гол утга учир байгаа юм. 


-Дэлхийд цахим засаглалаар Эстони улс тэргүүлж байна. Нууц нь юундаа байна?

-Эстоничууд цахим засаглалын хуулиа маш шийдэмгий, зоригтойгоор баталсан. Тэр хуулиа ч амжилттай хэрэгжүүлсэн мэдээж бодлогоо тогтвортой хэрэгжүүлж, бүх ААН, иргэд хуулиа дагасан. Тэр малгай хууль нь цахим засаглалын тухай хууль.


Эстони улсын улс төрчид, парламентийн гишүүд бүгд технологийн мэдлэгтэй хүмүүс биш, төрөл бүрийн салбарын хүмүүс байсан. Гол нь өөрсдөө технологийг нэвтрүүлэх шалтгаануудыг маш зөвөөр гаргаж ирсэн.


Нэгдүгээрт газар зүйн онцлогоос хамаараад орон нутагт төрийн үйлчилгээ авах механизм хол учраас тэр бүрч биечилж ирэх боломжгүйг олж харсан. Ийм нөхцөлд технологийг ашиглах чухал. Мэдээж үүнийг дагаад үр ашиг, зардлын асуудлыг зөв шийдэж чадсан.  Өнөөдөр бид зөвхөн фэйсбүүк болон АНУ-д корпорацийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын бүтээгдэхүүн дээр төвлөрч мэдээллийн технологийг ашиглаад байна. Уг нь бид дотоодын мэдээлэл технологийн бодлогоор үүнийг хийх хэрэгтэй. 


-Гадны оронд цахим засаглал амжилттай хэрэгжиж байгаа гол шалтгааныг нэрлэвэл?

-Шийдвэр гаргагч эрх мэдэлтэнгүүд нь технологийг улсынхаа хөгжилд бодитоор ашиглахыг эрмэлздэг байх чухал. Үүнийг үл тоож эсвэл хүмүүсийн ойлгомжгүй яриа дундаас олж авсан цэгцгүй мэдлэгээрээ удирдах гэж оролдвол алдаанд хүрнэ. Хэрэв төрд тулгараад байгаа асуудлыг технологийг нь шийдэх даалгавар өгвөл онц дүн авах залуус олон бий. 


-Энэ бүхнийг авч явах боловсон хүчний нөөц боломж ямархуу байна вэ?

-Бид энэ бүхнийг заавал гадны хүмүүсийн тусламжтайгаар хийж болно гэж андуурч болохгүй. Манай монгол инженерүүд маш чадварлаг. Энэ залуусын бүтээсэн олон сайн ажил бий. Жишээ нь НӨАТ-ын системийг татварын балансын арга дээр суурилан хуульд нийцүүлж программ хөгжүүлнэ гэдэг тийм амархан зүйл биш. Үүний ард өндөр боловсролыг өөрсдийнхөө хоббигоор компьютерийн ард суугаад эзэмшсэн залуусын нөр их хүч хөдөлмөр бий. Одоо тэд маш хүнд бодлогуудыг бодох сонирхолтой байна. Хэрвээ хууль эрхзүйн боломжийг нь гаргаад өгчихвөл хөгжихөд тун ойрхон. 

Сүүлд IT-ийн мэргэжилтэнг маш өндөр шалгуураар авдаг Япон улс хиймэл оюун ухаан дээр суурилсан програм хангамжийг хөгжүүлэхээр манай 40-өөд залуусыг гэрээтэйгээр авч явсан. Ахиад гэрээгээр 20 шилдэг залууг өндөр цалингаар ажиллуулах санал тавьсан байна. Мэдээж энэ нь ажлын даалгаваргүй залуусын буруу биш. Улс маань үнэт эрдэнэ шиг мэдлэгтэй залуусаа ашиглаж чадахгүй учраас тэд маань гадны орны ажиллах хүч болон хувирч байна. Нэг талаараа харамсалтай юм шиг боловч залуусын потенциал ямар өндөр байгааг харуулж байгаа хэрэг.


-Тэгсэн хэрнээ гадаадаас програм хөгжүүлнэ гээд олон сая доллараар яригдах ажлууд хийгдсэн байдаг. Монгол залуусаас хэд дахин үнэ өртөгтэйгээр…?

-Тийм ажлууд бий. Эргээд харахаар дийлэх нь ямар ч үр дүнд хүрээгүй.  Энэ бүхэнд дүгнэлт хийгээд урагшлах цаг нь болсон. НӨАТ-ын системийг гэхэд анх Солонгос улс 20 сая доллараар зараад нэвтрүүлэх санал тавьсан байдаг. Гэсэн ч бидний хэдэн залуус хийгээд үзье гэсэн саналыг дэмжсэн. Үр дүнд нь 20 дахин бага зардлаар энэ программ бүтсэн. Манай улсад хуулийг зөв схемээр хийвэл ямар өндөр түвшинд хүрч болдгийг харуулсан томоохон ажил. Тухайн үеийн нийгмийн захиалга, цаг мөчлөг нь ч таарсан. Үүн шиг дахин ийм мөчлөгийг бий болгох боломж нь төрийн удирдлагуудад нээлттэй байна. Тэд програмист, инженер залуучуудыг унтуулах биш сэрээж ажилдаа оролцуулах цаг нь болсон. Зарим талаар тэдэнд Монгол залууст итгэх итгэл үнэмшил дутаж байна. Учир нь болно гэж хэлээд бүтээгүй зүйлс энэ салбарт бий. Тиймээс болгоомжилдог тал бий. Мэдээж энэ бол цаг хугацааны асуудал. 


-Бид одоо болтол цахим гарын үсгээ ярьсаар л байна шүү дээ?

-Хуулийн хэрэгжүүлэлт хангалтгүй байна. Учир нь шийдэл гаргалгаагүй зөв хийгээгүй мөн малгай хууль байхгүй учраас дүрэмгүй байна. Хүн болгон цахим засаглалыг янз бүрээр тайлбарлаад байгаа нь дүрэмгүйд байгаа юм. Үүнээс болж технологийг хэн ч яаж ч тайлбарлаад байгаа хэрэг. Хэрэв хуулиа зөв батлачихвал нийтээрээ мөрдөөд эхэлнэ. Үүнийг дагасан хамгийн том зүйл бий. Тэр нь санхүүжилтийн асуудал. Хэрэв та банкны тухай хуульгүй бол банкинд итгэж мөнгөө хадгалуулахгүйтэй ижил, технологийг хэрхэн яаж бизнес хийх вэ гэдэг нь ойлгомжгүй байхад хэн итгэж санхүүжилт хийх билээ. Ийм энгийн ойлголт дээрээс ер нь энэ цахим засаглал хөгжих үү хөгжихгүй юу гэдэг нь тодорхойгүй байгаад байна. Хичнээн бодлогын бичиг баримт, сайхан туршлага, жишээ ярьж болох ч дүрэмгүй учраас үүн рүү хандсан бизнесийн үйл ажиллагаа хийгдэх, бүх нийтээр хэрэгжих боломж алга. 


-Та дээр хэлсэн, санхүүжилтгүй бол явахгүй гэж?

-Цахим засаглалын хууль дээр энэ бол чухал сэдэв. Санхүүжилтийн схемийг тодорхойлчихсон байдаг. Үүнд төрийн мэдээлэл байна, энэ мэдээллийг ашиглаад эцсийн хэрэглэгчид хүрч байгаа бүтээгдэхүүнийг хувийн хэвшил хийнэ. Мэдээж тэд тодорхой хэмжээний хураамж авч таарна. Жишээ нь ТҮЦ машин дээр 1000 төгрөг төлөөд лавлагаа авдаг шиг гэрээсээ онлайн үйлчилгээ аваад хураамжийг програмыг нь хөгжүүлсэн компани авч болно. Мэдээллийг нь улс өөрөө эзэмшинэ, энэ бол төрийн нууц гээд хуульчилаад өгчихөд л болох асуудал. Тэгэхээр энд бизнесийн орон зай гарч ирнэ. Технологийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал нэн чухал.  Үүнийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхгүй бол залууст програм хангамж хөгжүүлээд ямар ч мөнгө олох боломж алга.  Одоо залуус нэг удаагийн захиалга хийж гүйцэтгээд л явж байна. Уг нь үүнийг урт хугацаагаар хөгжүүлэх боломж нь цахим засаглалын хуулинд бий.  


-Бид ер нь цахим засаглалаар дэлхийн хаана явна вэ?

-НҮБ-ын тайлангаар 2014 онд цахим засаглалын индекс нь 11-ээр өссөн ч цахим оролцоо нь 30 дугаар байрт орж доошилсон. Гэтэл хоёр жилийн дараа энэ тоо бүр 84 рүү орж уналаа. Шалтгаан нь бид энэ технологио нэмж хөгжүүлээгүй, байгаа чигээр нь орхичихсон. Гэтэл технологи гэдэг байнга хөгжүүлж байдаг зүйл юм. Үүнд улс төрийн нөлөө чухал үүрэгтэй . Бусад улс ч гэсэн цахим засаглалаа яаж сайжруулах тал дээр үсрэнгүй технологид зориулсан Засгийн газрын төсөв суулгаж, санхүүжилтийг их хэмжээгээр хийж байна. Ингэснээр ДНБ-ийг 2 хувь хүртэл нэмэгдүүлэх боломж гарч ирнэ гэсэн үг. Өнөө маргаашдаа бид санхүүжилт хийгээд томоохон программ хангамжийг шийдлээ гэж бодоход тэр нь 10 жилдээ өгөөжөө 90 дахин нугалах боломж нь бүрдэнэ гэсэн үг. Цаг хугацаа болгонд энэ маань ашиглагдах тусам иргэдийн сэтгэл санаа, нийгмийн асуудлыг шууд ба шууд бусаар ачааг нь хөнгөлж байдаг. Цахим засаглал эхлээд бүртгэлээ сайжруулаад дараа нь үүнийгээ үйлчилгээ болгодог. Одоогоор бид цахим хэлбэрээр бүртгэлээ хийх үе дээрээ явж байна. 


-Үүний сөрөг талыг дурьдвал?

-Мэдээлэл технологийн аюулгүй байдлын талаар иргэд ярих дуртай. Энэ бол зөв. Гэхдээ нөгөө талд нь тооцоолон бодох системээ яаж хийхээ, ямар хугацаанд юу хийхээ мэдэхгүй байж энэ талаар ярихад эртэднэ. Иймээс мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах гэж өчнөөн мянган долларын төхөөрөмж аваад ч хэрэг нь гарахгүй. Яагаад гэвэл халдах дата байхгүй юм чинь хэн халдаж авах билээ.  Манайхан технологи, программ хангамжийг маш хүндээр тайлбарлаад байгаа буруу талууд ажиглагддаг. Үүнээс болоод зарим иргэд тэр зүйлийг бид ажиллуулж чадах уу, нэвтэрлээ гээд ч яах юм гэж айж эмээн цааргалдаг тал бий. Үүн дээр айх зүйл байхгүй. Сүүлийн үеийн технологи таны хэрэглэдэг фэйсбүүктэй ижилхэн гэж ойлгоход болно. Хэрэглэгчдэд маш тааламжтай байдлаар шийдсэн учраас түүнийг хэрэглэхэд өндөр мэдлэг хэрэггүй. Суурь хэдхэн үйлдлүүд дээр тулгуурлаад төрийн үйлчилгээг авдаг болно гэж ойлгох ёстой. Ийм хэлбэрээр өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг л Монгол залуус олоод харчихаад байгаа юм. Үүнийг ашиглаад маш богино хугацаанд төрийнхөө институцийг танигдахын аргагүй өөрчилсөн туршлага жишээ зөндөө бий. Хамгийн ойрын жишээ гэхэд Гүрж байна. Гүржүүд жил 6 сарын дотор бүрэн цахимжсан. Улс орнууд цахим засаглалдаа асар их хөрөнгө хүч тавьж байна. Хятад улс гэхэд өндөр түвшинд хөгжүүлсэн, энэ нь улсад нь ашигтай учраас хөрөнгө мөнгөө харамгүй зарж байгаа нь харагддаг. 


-Тэгвэл манай улсад энэ боломж хэр ойрхон байна вэ?

-Манай улс 3-хан сая хүн амтай. Газар нутаг нь өргөн уудам, технологи нь, интернэт хэрэглээ нь өндөр түвшинд байна. Ийм учраас технологи хөгжүүлэх ганц товчлуур дарахад л 6 сараас жилийн дотор тодорхой үр дүнд хүрч чадна. Энэ төрлийн ажлыг хийж байсан хүний хувьд боломжтой гэдгийг нь баталгаатай хэлж байгаа юм. 


-Бодит ажил болгохын тулд юунаас эхлэх вэ?

-Нэгдүгээрт гол малгай болсон цахим засаглалын хуулийг батламаар байна. Нөгөө талаас үүнийг хийх цаг мөч, нийгмийн захиалга чухал байдаг. Үүнийг мэдэрч хийх хэрэгтэй. Технологийн салбарт ажиллаж байгаа залуусын идэвх зүтгэл ч чухал. Үүнийгээ бид дэмжиж ойлгуулж ярихгүй бол бас л бүтэхгүй. 


-Цахим засаглал хэрэгжих нөхцөл нь бүрдсэн үү?

-Дэд бүтэц технологийн хувьд бүрдчихсэн байгаа. Үүнийг гар утас, компьютерийн хэрэглэгчдийн тоо, интернэтийн шугам сүлжээний нэвтрэлтээс харж болно. Үүнийг бид и баримт хэрхэн хэрэгжиж байгаагаас бодитой харсан шүү дээ. Гол нь төрөөс хуульчилчихсан, ганцхан программ хангамж үйлчилгээнд гаргахад л ийм их хэмжээний хандалт, иргэдийн итгэл, идэвхийг сэргээгээд дээр нь улсын төсвийн ч иргэдийн ч орлогыг нэмэгдүүлчихсэн, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлчихсэн. Бид ингэж дэлхийтэй хөл нийлж хөгжихийн тулд улс төрчид нь дэмий уриа үг болгох биш бодит ажил болгох хэрэгтэй байна. 


-Технологийг улс төртэй хольж хутгадаг бодлогоос салах хэрэгтэй болох нь ээ?

-Ийм зүйлээс л болж ажил цалгарддаг. Үүнийг ангид байлгахын тулд мэргэжлийн салбарыг мэргэжлийн хүмүүст нь даатгачих хэрэгтэй. 

Хэрэв мэргэжлийн бус байвал солих институцийг нь тогтоогоод өгчихөд болно. Жишээ нь банкны захирлаар тэс хөндлөн салбарын хүн тавьчихвал дампуурна аа даа. Үүн шиг технологийн салбарыг ядаж мэргэжлийн хүнээр удирдуулж байхгүй бол хаа хамаагүй хүнийг томилсноос болж хайран цаг хугацаагаа алдаж , хийе бүтээе гэсэн залуусын хүсэл унтраад дуусна. 


-Та энэ салбарт ажиллаж байхад ийм зүйлтэй таарч байв уу?

-Тааралгүй яахав. Бодлогын бичиг баримт байдаг ч гэсэн үүнийг уншдаг нь ховор. Бараг уншиж ч амжаагүй дараагийнхаа халааг авдаг жишээ ч олон. Уг нь технологийн салбарт чадварлаг залуус олон. Даанч ажиллах орон зайг нь өгөхгүй халж солиод байдаг.