УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. 

Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан "Өнгөрсөн долоо хоногт 1992 оны Үндсэн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнуудын нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсон. Энэ мэдээлэлд төрийн нууцад хамаарах асуудал, хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар төрийн маш нууц гэсэн дардастайгаар УИХ-ын Байнгын хорооны гишүүдэд танилцуулагдсан учраас УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хаалттай горимоор явуулсан. “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол зохион байгуулалтын агуулгатай учраас асуудлыг нээлттэй хэлэлцэх болсон" хэмээн мэдэгдэв. 

Уг тогтоолоор Засгийн газарт дөрөв, Гадаад харилцааны яаманд зургаа, Тагнуулын ерөнхий газарт нэг, Цагдаагийн ерөнхий газарт хоёр зүйл, заалтаар тус тус чиглэл өгсөн байна.

Үүний дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна" гэдгийг хэллээ. /Сайд Д.Цогтбаатарын хийсэн мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу/

Үргэлжлүүлэн ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал "Байнгын хорооны тогтоолд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албыг бэхжүүлэх, бүтэц орон тоог нэмэгдүүлэх болон иргэдэд хар тамхи болон түүнтэй холбоотой гэмт хэргийг талаар мэдээлэл олгох чиглэл тусгагдсан байсан. Одоогоор Хар тамхитай тэмцэх алба 33 албан хаагчтай ажиллаж байгаа. Цаашид улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй  тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхэд бүтэц, орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 

Эхний ээлжинд 26 албан хаагчийн орон тоог нэмэх шаардлагатай байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан. Шаардлагатай байгаа 26 албан хаагчийн орон тоо нь хил, боомт дагуу чиглэл хариуцах, урьдчилан сэргийлэх ажил болон энэ төрлийн гэмт хэрэг, нөхцөл байдлын судалгаа хийх чиглэлээр ажиллах орон тоо юм. 

Мөн энэ сарын 17-нд Польшийн прокурорын байгууллагаас хоёр улсын эрх зүйн туслалцааны актын дагуу ирүүлсэн мөрдөн байцаагчийн даалгаврыг хүлээн авч, нийт Монголд байгаа 70 иргэнтэй холбоотой асуудлыг тодотгох санал ирснийг судалж, Польш улсад албан ёсны хариуг нь өгсөн. Одоо гадаад харилцааны яамнаас ирүүлсэн 69 хүнд холбогдох асуудалд хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна" гэдгийг  мэдээлэлдээ онцлов.