Роботуудын дунд болдог хөл бөмбөгийн ДАШТ-ийг 2020 онд Францын Бордо хотод зохион байгуулна гэж "France Presse" агентлаг мэдээлжээ.
 
Уг тэмцээнд дэлхийн 40 гаруй улс орон хөлбөмбөгчин-роботуудаа илгээх төлөвтэй байна. Бордо хотыг сонгож авсан нь санамсаргүй хэрэг биш бөгөөд учир нь, тус хотод хиймэл оюун ухаан, робот техникийн чиглэлээр судалгаа хийдэг Бордогийн мэдээллийн технологийн лаборатори /Labri/ ажилладаг аж. Тус лабораторид 90 см өндөртэй "Rhoban" гэдэг жижиг роботуудаар хөл бөмбөгийн багийг бүрдүүлсэн бөгөөд уг баг 2016-2017 онд дэлхийн аварга болсон байна.
 
Бордо хотод 2020 онд болох ДАШТ нь RoboCup цомын төлөөх 24 дэх удаагийн тэмцээн юм. RoboCup гэдэг нь "Robot Soccer World Cup" гэсэн үгийн товчлол бөгөөд цомын төлөөх тэмцээнийг анх 1996 онд Японы гурван инженер зохион байгуулжээ.
 
Тэд дэлхийн бүх орны зохион бүтээгчдийн өмнө ийм зорилт тавьсан байна: Бүрэн бие даасан автономит ажиллагаатай, өндөр ур чадвартай хөлбөмбөгчин-роботуудын багийг бүрдүүлснээр 2050 он гэхэд хүмүүсээс бүрдсэн багийг ФИФА-гийн дүрмийн дагуу тоглож хожих. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг