"Эко алтан заамар" компанийн үйл ажиллагааг зогсоох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газар хэрэгсэхгүй болгосон талаар Төв аймгийн Заамар сумын иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийнхээ үеэр "Төв аймгийн Заамар сумын нутагт 52 мянган га газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгсөн байна. Үүнээс 21 мянган га талбай нь Хайлааст багийн нутаг дэвсгэрт хамаарч буй юм. Энэ нь Хайлааст багийн газар нутгийн 75 хувийг эзэлж байна. Бид Хайлааст багт олгосон дээрх талбайг 3.694 га болтол нь тэмцсэн. Мөн энэ асуудалтай холбоотойгоор "Рекет" нэрээрээ олонд танигдсан зарим хүн манай нутагт ирж иргэд, удирдлагыг дарамталсан, орон нутаг руу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр довтолсон үйлдлүүд гарч байна.

БОАЖ-ын яам "Эко алтан заамар" компанийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үзэн тусгай зөвшөөрлийг нь цуцлах тухай албан бичгийг өнгөрсөн 7 дугаар сарын 16-нд Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн байдаг. Гэвч Ашигт малтмал газрын тосны газар 2500 гаруй иргэний гомдол санал, тайлбарыг биш, дээрх компанийн төлөөллийн үндэслэлгүй тайлбарыг сонссон байна. Ингэснээр тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг буцаасан байна.

Тиймээс иргэд бид өнөөдөр энэ асуудлыг дахин авч үзэж, үнэн зөвөөр нь шийдвэрлэх тухай шаардах бичгийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргэж өгнө" хэмээн мэдэгдлээ.