Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнөөдөр боллоо. УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Нийслэлийн ИТХ-ын 10 төлөөлөгч нэр дэвшсэнээс 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан нар олонхын саналаар УИХ-д сонгогдсон. Холбогдох хууль тогтоомжийн дагуу тус гурван төлөөлөгчийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “УИХ-ын 2020 оны сонгуульд сонгогчдын 73.6 хувь нь оролцож, саналаа өгсөн. Энэ нь 2000 оноос хойш болсон сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль болжээ. 

Ирэх аравдугаар сард Сонгуулийн тухай хуулийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль болно. Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлаас үүдэн энэ жил Төрт ёсны уламжлал Улсын баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсонтой холбогдуулан бэлтгэл хангаж байна. Эцэст нь хэлэхэд, наадмын дараа намар гэдэг үг байдаг. 

Наадмын дараа сайжруулсан шахмал түлшний дахин нэг үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн захын дүүргүүдийн утааг бууруулж, төвийн дүүргүүдийн иргэдийн хангамжийг сайжруулан, зөв хэрэглээг дадуулах, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох гээд томоохон ажлуудыг хэрэгжүүлэх учиртай. 

Эртнээс бэлтгэлээ базааж, цар тахлын дэглэмийн хажуугаар Улаанбаатар хотод тулгамдсан бусад асуудлаа шийдвэрлэхэд төрийн нийт албан хаагчид онцгой анхаарч ажиллахыг дахин сануулъя” хэмээлээ.


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ