Боловсролын чанарт  сэтгэл хангалуун бус байдаг гэдгээрээ монголчууд нэгдэх болов уу. Боловсролоо сайжруулахад хэрэг болох зургаан үзүүлэлтийн талаар  МУИС-ийн ректор байсан, доктор Р. Бат-Эрдэнэ онцолж байна. “Эрдэмтэд, сэтгүүлчид” клубын урилгаар боловсролын асуудлыг хөндсөн тэрбээр АХБ-ны  нэгэн илтгэлийг  ихэд тоосон агаад “Доторх анализ нь нэлээд мэргэжлийн түвшинд хийгдсэн” хэмээн магтсан юм. Энэ тухай хүргэе.


-АХБ-наас саяхан нэг илтгэл гаргажээ. 2020 оны гуравдугаар сард гэдэг чинь саяхны  гэж тооцогдоно биз дээ, тийм үү. Натали Чан, Элизабет Жентал   гэж хоёр хүн дэлхийн улс орнуудын боловсролын түвшинг харьцуулж, судалгаа хийх үзүүлэлтүүдийг шинжилсэн байна. 

Энэ хоёр хүн 69 орныг хамруулаад, анализ, дүн шинжилгээ хийдэг олон улсын байгууллагуудаас боловсролын чанар, төлөв байдалд харьцуулж судалгаа хийхдээ ашиглаж буй үзүүлэлтүүдийг шинжилсэн байна. Тэдгээр судалгаанд хэрэглэж байгаа улс орнуудын боловсролын төлөв байдал, үзүүлэлтүүд, шалгуурууд хэр оновчтой байгааг үнэлж шинжилсэн байгаа юм.

Боловсролын эцсийн үр дүнг хүүхдийн сурч эзэмшсэн боловсролын түвшин хэмээн тодорхойлж, үүнийг хамгийн сайн илэрхийлж байгаа нь олон улсын сурлагын амжилтын үнэлгээ гэж авч үзжээ. Монголчууд бид PISA-гийн олон улсын үнэлгээнд оролцохоор яриад байгаа даа.

Хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс орнуудын нэгдэж орсон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага  (OECD) бий шүү дээ. Тэр байгууллагын шугамаар хөгжлийн янз бүрийн асуудлаар дүн шинжилгээ хийсэн аналитик илтгэлүүд их гардаг. Тэднийхээс санаачлан зохион байгуулдаг, олон улсын хэмжээнд боловсролын харьцуулсан судалгаа хийдэг гол “зэвсэг” нь PISA буюу Programme for International Student Assessment юм.  Энэхүү “Сурлагын амжилтын үнэлгээ”-д сүүлийн үед OECD-гийн гишүүн бус улс орнууд ч олноороо орж байна. 

Энэ үнэлгээнд хамрагдаагүй зарим улс орнуудын хүүхдийн сурлагын амжилтыг TIMSS (Trends in International Mathematics and Science Study) гээд  олон улсын сурлагын амжилтын өөр нэг үнэлгээнд оролцсон дүнгээр нь авч үзсэн байна. Манай орон энэ TIMSS-ийн үнэлгээнд оролцохоор 2010 онд бэлтгэж байгаад дундаас нь гарч байсан.

Энэ үнэлгээний дүнг нэгтгээд, өндөр үнэлэгдэж байгаа улс орнуудыг амжилтанд хүрэхэд нь чухам юу нөлөөлж байгааг тодруулах, үүнд улс орнуудын боловсролын чанарыг харьцуулахад ашиглаж буй үзүүлэлтүүд хэр холбоотой болохыг харьцуулсан байгаа юм.

Тэгээд түгээмэл ашиглаж буй олон үзүүлэлтийг шигшиж, 171 үзүүлэлтийг шинжилсэн байна. Уг нь 500-гаад үзүүлэлтээс эхэлсэн юм билээ. Тэдний хийсэн шинжилгээгээр эдгээр олон үзүүлэлтээс хүүхдүүдийн сурлагын амжилт, боловсролын эцсийн үр дүнд хамгийн хүчтэй нөлөөлж байгаа зургаан үзүүлэлт байна гэж дүгнэсэн. 

Эхний гурав нь маш хүчтэй нөлөөтэй гэж дүгнэсэн. Үүнийг улс орнууд төр засгийн бодлогодоо хамгийн сайн анхаарч байх хэрэгтэй гэж үзэхээр байна.

Хамгийн нэгдүгээрт дунд сургуульдаа хүүхдүүдээ хэр сайн хамарч байгаа вэ гэдгийг нь илтгэх үзүүлэлт орсон байна.

Сайн хамарч чадаж байвал амжилт гаргах нөхцөл байна гэсэн үг.  Хэр сайн хамрах гэдэг нь манайхны ойлголтоос арай өөр. Ихэнх тохиолдолд сургуульд хамруулсан хүүхдийн тоотой холбогдох статистик тоо хараад л болчих гээд байдаг. Гэтэл энэ тооноос гадна сургуульд сургалтын процесс бүрэн явж байна уу гэдгийг харуулах олон үзүүлэлтийг нэгтгээд оруулсан. 

Үүний дотор abseentism хэмээх багш, суралцагч сургуульд ирсэн ч сургалтын процесс өрнөхгүй байх тохиолдлыг сүүлийн жилүүдэд их анхааран судлах болсон.

Олон улсын хэмжээнд багш байгаа хэрнээ ажлаа хийхгүй байх үзэгдлийг их ярьж байгаа. Ийм үзэгдэл бүх системд багагүй байна. Ялангуяа Энэтхэгийн ерөнхий боловсролын улсын систем бараг сүйрчихээд байгаа юм билээ. Хувийн сургуулиуд нь улсын сургуулиасаа бага зардлаар илүү чанартай сургадаг. Бидний өмнө сонсож байсан нэгэн судалгаанд “Мөнгө шийдэл биш” гэсэн дүгнэлтэд хүргэхээр кэйс ч яригдаж байсан. Тэр кейсийн тухайд бол цаана учир шалтгаан нь улс төртэй холбоотой юм билээ.

 Энэтхэгийн сонгууль сургууль дээрээ төвлөрч явдаг юм байна. Багш нар нь төрийн албан хаагч, сонгууль зохион байгуулдаг.  Тэгэхээр багш нартай улс төрчид хэзээ ч муудалцдаггүй. Ажлаа хийхгүй байсан ч халдаггүй. Хамгийн өндөр цалинтай хүмүүс байдаг.  Хүүхдүүдээ сайн хамраад байгаа юм шиг хэрнээ хичээл ордоггүй, иймээс багшийн abseentism өндөр гэсэн үг.

Манай дээр энэ талын судалгаа байхгүй. 

Үнэндээ хөдөөний зарим сургуулиудад ийм үзэгдэл багагүй байгаа зарим мэдээлэл яригддаг. Малтай багш нар конспектоо гаргаж, нэгээр нь уншуулчихаад, өөрөө  малаа маллаад яваад өгөх жишээтэй. Багш нь алт ухахаар, эсвэл тариа ногоогоо тарих, хураахаар явахыг хичээл заахаасаа илүүд үзэх тохиолдол бол abseentism байгаагийн жишээ болно. 

Ингэхээр сургуульд хамруулна гэдэг зөвхөн ангид авчраад оруулсаныг бус хичээл хуваарийн дагуу цагтаа, үр дүнтэй явахыг хэлэх нь.

Яагаад хүүхдийг хамруулахаар чанар дээшилж байгаа гэдэгт энэ судалгаа тайлбар өгөөгүй. Харин бид одоо өрнөж байгаа  Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулахтай холбон ярилцаж болно. Хүүхэд сургууль дээрээ багшаас гадна бусдаасаа суралцдаг.

Хүүхэд нэг нэгнээсээ суралцах нь бараг багшаас заалгаснаас дутахгүй үр нөлөөтэй. Өнөөдөр Кембрижийн сургууль байгуулж байгаа нь тэр нөлөөтэй хэсгийг тасалж аваад, үлдэж байгаа хүүхдүүд нь “сүргийн манлайгүй” болоход хүргэж байгаа юм.     

Боловсролын талаар шийдвэр гаргахдаа судалгаа, нотолгоонд тулгуурлаж байна уу. Үүнд шаардлагатай мэдээлэл хэр бүрэн дүүрэн, нийтэд хүртээмжтэй байгаа вэ гэдэгтэй холбогдох үзүүлэлт үр нөлөөгөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Энэ манайд ер нь амаргүй.

 Мэдээлэл, судалгаа байна уу, хэр бодитой байна. Монголд хууль тогтоогчид, бүх түвшний удирдлага тодорхой нотолгоо, судалгаанд тулгуурлаж шийдвэр гаргаж байна уу гэдгийг маш нухацтай авч үзэх цаг болсон.

Гуравдугаар нөлөө бүхий үзүүлэлт төсөвтэй холбоотой.

Ялангуяа эрсдэлтэй, хоцорч, гадуурхагдаж байгаа хэсгийг хамарсан, тэдэнд зориулсан хөтөлбөрийг стратегийн зорилготойгоор санхүүжүүлж, бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаж байна уу?

Дөрөв, тав, зургадугаар үзүүлэлт бас их өндөр нөлөөтэй.

Дөрөвт багшийн чанар гэсэн үзүүлэлт байгаа нь бидэнд мэдээжийн гэж харагдана. 

Багшийн чанар гэдгийг багш ажил мэргэжилдээ бэлтгэгдэж мэргэшсэн байхын дээр тэр хүмүүс ажилдаа өөрийгөө бүрэн зориулж, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцлийг хангаж байна уу гэдэгтэй холбож үзэж байгаа юм. Үүн дотроо цалин, хөдөлмөрийн үнэлэмж орж байгаа юм.

Тав дахь нь шийдвэр гаргахад суурь болгож байгаа мэдээллийг цаг тухайд нь цуглуулж, боловсруулж  байгаа байдал.

Хоёрт нэрлэсэн үзүүлэлттэй төстэй.  Гэхдээ хоёрт нэрлэж байгаа нь хүүхдүүдийн сурах процесс, сурлагын үр дүнд гарч байгаа зөрүүг арилгахад чиглэсэн мэдээлэл хэр зэрэг хүртээмжтэй байгааг ялгаж онцолсон юм шүү.

Зургадугаарт,  сургалтын хөтөлбөрийн агуулга сурлагын амжилтад нөлөөтэй гэж харуулсан байна.

Сургалтын хөтөлбөр нь хүүхдийн сурах шаардлагатай байгаа ур чадвар, чадамж, сурах боломжид нь хэр зэрэг нийцтэй байгаа юм бэ гэдэгт өгч байгаа хариултыг анхаарч үзэх хэрэгтэй болж байна.

Хамгийн сонирхолтой нь анги дүүргэлт, багш, хүүхдийн тооны харьцаа дээр дурдсан зургаатай адил нөлөөтэй биш гэж энэ судалгаа харуулсан. Гэхдээ үүнийг нэг ангид100 хүүхэдтэй байсан ч зүгээр, мөнгө өгөхгүй ч байсан гайгүй юм байна гэж мушгиж болохгүй шүү.

Ер нь анги дүүргэлт их ач холбогдолтой гэж бид үздэг байхад яг үнэндээ дээр дурдсан зургаан үзүүлэлттэй адил өндөр нөлөөтэй биш гэж л гарсан байна.

Бүх улс орныг үнэлж, жагсаагаад хамгийн өндөр үзүүлэлттэй улс орнуудын түвшинд эдгээр нөлөөтэй хэмээн үнэлэгдэж буй үзүүлэлтээр  хамгийн доор жагссан орнуудыг хүргэхэд чиглэсэн шийдвэр гаргавал байдал хэрхэн өөрчлөгдөж болохыг симуляц хийж, тооцож үзсэн байгаа юм.

Энэ симуляцаар хүүхдүүдэд мэргэжлийн баримжаа олгох үйл явцыг сайжруулах нь маш өндөр үр дүн авчирч байна гэнэ. Ийм зөвлөмж өгч. Хамгийн доогуур жагссан орнуудад энэ үзүүлэлтийг сайжруулах симуляци хийж үзэхэд оноо нь шууд 60 нэгжээр өгсч байсан байна.

Тэгэхээр хаана хөрөнгө оруулбал, бодлогын ямар шийдвэр гаргавал, хүчин чармайлтыг юунд чиглүүлбэл  үзүүлэлтээ ахиулж болох нь эндээс харагдана.

Багшийн чанарыг сайжруулахад зориулсан хөрөнгө оруулалт хийж, төсвөө зарцуулаад, дээр нь шийдвэр гаргахад шаардлагатай суурь мэдээллүүдийн боловсруулалтыг сайжруулахаар симуляци хийж үзэхэд хамгийн доор байгаа орнуудын үзүүлэлт 39-44 нэгжээр дээшилж байсан байна. Харин ДНБ-нд эзэлж байгаа боловсролын зардлын  хувь хэмжээ ямар нэгэн эффект үзүүлсэнгүй гэж дүгнэсэн байна.

Дээрх үзүүлэлтүүдээс дөрвөн бүлэг үзүүлэлтийг сонгон улс орнууд өөр хоорондоо хэр хол зөрүүтэйг харуулсан жагсаалтыг энэ тайланд нийтэлсэн нь  сонирхолтой байна. Харин ийм жагсаалтыг зөвхөн хэддүгээрт байгаагаар нь яаран дүгнэлт хийхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь үзүүлэлт бүр дотроо олон төрлийн мэдээлэл агуулдаг, тэдний багагүй хэсэг нь тухайн орны улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой байдаг. 


Хүүхдүүдэд мэргэжлийн баримжаа олгох, бусдаасаа хоцрох эрсдэлтэй байгаа хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын чанараар улс орнуудын үзүүлэлт ямар байгаа нь энд харуулсан байна. Энэ үзүүлэлтээр хамгийн өндөр оноотой нь Голланд. Голландын систем хүүхдийг сургуульд байхаас нь мэргэжлийн баримжаа сайн өгдөг юм байна. Ажил хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрүүд нь маш хүчтэй, тэгш, хүүхэд орхигдуулахгүйгээр явдаг нь Өрнөд болон Умард Европын орнуудын нэлээд нийтлэг дүр төрх гэж бид мэддэг. Үүний ч нотолгоо нь энэ талаар хамгийн өндөр үзүүлэлтээр Франц, Австри, Норвеги, Чех гээд үргэлжилж байна.

Мэргэжлийн чиг баримжаа гэхээр манайхан жаахан өөр ойлголттой байдаг. Ахлах сургуулийн удирдлагууд манайх мэргэжлийн чиг баримжаа олгож байгаа гээд эсгий таавчиг хийдэг, үйлчлэх хөдөлмөрийнхөө өрөөг харуулдаг. Гэтэл хичээл болгонд шинжлэн судлах, асуудлыг шийдэх чадвар олгож байж мэргэжлийн чиг баримжааны суурь болдог. 

Ер нь хүүхдэд хэрэгтэй ур чадварыг нэр нь холбогдсон ганц нэг хичээлд л хамаатуулан үзэх нь нийтлэг байсаар байна. 

Энэ дашрамд нэг жишээ дурдахад, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх нь дан ганц эрүүл мэндийн хичээл бий болгосноор шийдэгдэхгүй, багш бүр хичээлээрээ, тэр байтугай сургуулийн ажилтан бүр үйл хөдлөл, харьцаагаараа эрүүл амьдрахын хэм хэмжээ, утга учрыг таниулж, үлгэрлэн харуулж байж үр дүн гарна.

 Зарим тохиолдолд ийм цогц мэдлэг, чадвар, хэвшил олгох зорилтыг нэг хичээлд даатгаснаар бусад хүмүүсийн үүргийг үгүйсгэж, үр нөлөөгүй болгоход хүрдэг уршигтай. Иймээс шинэ хичээл “санаачлахдаа” юунд хүрэхийг зорьж байгаагаа сайтар бодож тунгааж шийдэх шаардлагатай байгаа юм. 

Хөтөлбөрийн чанараар хамгийн өндөр үзүүлэлттэй нь Ирланд, Франц, Швейцарь байна. 

Төсвийг стратегийн зорилттойгоо хэр зэрэг уялдуулж, онож санхүүжүүлдэг вэ гэсэн үзүүлэлтээр хамгийн сайн нь Польш байна.Тэгээд Австри, Швейцарь, Япон удаалж байна. Хамгийн дор нь Израйль байгаа юм.

Багшийн чанар гэсэн үзүүлэлтээр Австрали, Япон, Канад тэргүүлж байна. Хамгийн дор нь Аргентин, Хятад байна. Энд сонгож оруулсан орнууд дотроо л ийм үзүүлэлттэй байгаа шүү. Бидэнтэй харьцуулбал өндөр оноотой болно.

Хамгийн сонирхолтой нь Азийн хөгжиж байгаа орнуудыг тусад нь групп болгож үзсэн байгаа юм. Энэ дотор нь Монголыг оруулсан байна.

Мэргэжлийн баримжаа олгох, эрсдэлтэй байгаа хүүхдүүдийг хамрах, тэдэнд зориулсан тусгай хөтөлбөрийн чанар гэсэн үзүүлэлтээр Монгол эдгээр азийн орнуудын дунд бол дороосоо гуравт байна. Хамгийн өндөр оноотой нь Тайланд, Филиппин, Вьетнам, Армен байна.

Хөтөлбөрийн чанар гэсэн үзүүлэлтээр Монгол Азийн хөгжиж байгаа орнууд дундаа бас л доогуур байгаа. Хятад гуравт явж байна.

Харин стратегийн зориулалтаар төсвөө хуваарилах гэдэг үзүүлэлтээр Монгол тавд орчихсон яваа. Ямар ч байсан тодорхой хөтөлбөрөөр, зориулалтын дагуухуваарилалт хийж байгаа гэж харагдаж байгаа юм байна. Хамгийн дээр нь Тажикстан, Армян, Тайланд байна.

Багшийн чанар гэдэг үзүүлэлтээр бид бас Азийн хөгжиж буй орнуудын дундаас дээгүүр “давхиж” байна.

Нэг ийм сонирхолтой судалгаа нийтлэгдсэн байна. Энэ нийтлэлийн төгсгөлд байгаа улс орнуудын ерөнхий үзүүлэлтийг харуулсан хүснэгтэд манай орныг PISA/TIMSS үнэлгээний дүнтэй харьцуулахуйц үзүүлэлттэй хэмээн орулсан байна. Үүний эх сурвалжийг харин тодруулмаар юм байна. Хамгийн гол нь энэ судалгаа бодлогын шийдвэр гаргах суурь ямар үзүүлэлтийг сонговол барьцтай, оновчтой, зөв болох вэ гэсэн бодлогын шинжтэй зөвлөмж агуулж байна.Тэр зургаан үзүүлэлт бол маш чухал гэв.