УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “Эдийн засгийн сэтгүүлчид” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын гишүүн сэтгүүлчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүний ярианаас онцлох ишлэлүүдийг нь  хүргэе.


"Социалист, либериал, консерватизм гэсэн гурван урсгалын гол асуудал нь өмч. Өмчийг яаж хуваарилах вэ гэсэн асуудал. Социалистууд шударга биш байна гээд бүгдэд тэгш хуваарилна гэсэн. Тэгш хуваарилахын тулд өмч улсынх байх ёстой. Либериалууд тийм юм огт байж болохгүй, өмчийн эрхийг хязгаарлаад эхэлбэл болохоо байна, тийм учраас өмч бол дархлагдсан зүйл гэж үздэг. 1999 оноос хойш юу ч өөрчлөгдөөгүй. Өнөөгийн төр, засгийн байдал,  үймээн шуугиан, будлианы үндэс нь ерөөсөө өмч. Өмчийг хэн захиран зарцуулж хувааж идэх вэ гэдэг асуудал л бий."

"2017 оныг харъя. Оны эхэнд ОУВС-тай гэрээ байгуулаад шийдвэр гаргангуут эдийн засагт  гэгээтэй дохио ирсэн. Статистикийн үзүүлэлтүүдэд тусгалаа олсон. Эдийн засгийн эхний хагас жилийн дүн сайн гарлаа. Хойд Солонгост НҮБ хориг тавиад тэрийг нь хаа байгаа Хятад очиж дэмжээд Монголын эдийн засагт шанс гаргана гэдгийг хэн ч тооцоогүй хүчин зүйл. Тийм хүчин зүйл нөлөөлсөн хэдий ч ерөнхийдөө эдийн засгийн өсөлтүүд гарсан. 5.3 хувийн өсөлт гэдэг маш сайн тоо. Одоо дахиад бужигнавал хөрөнгө оруулагчид болгоомжлоод суучихна. Есдүгээр сар гараад эдийн засгий идэвх буурдаг. Тэгэхээр ирэх оны хавар хүртэл хамаг юмыг зогсоолоо гэсэн үг. Энэ бүгдийн ачаа хэнд ирэх нь ойлгомжтой. Бүх бизнест нөлөөлнө."

                          УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Эдийн засгийн сэтгүүлчид /2017.08.24/

Манай эдийн засаг жижиг учраас унах, босохдоо амархан. Эдийн засгийн өсөлт 5.3 хувь байлаа гээд 2012 оны төвшинд очиж чадах уу гэдэг асуудал бий. Валютын сан үзүүлэлтээрээ тийм өндөр биш, 400 гаруйхан сая ам.доллар орж ирнэ. Үлдэж буй нь АХБ, ЕСБХБ, Хятад, Япон, Солонгосоос орж ирэх юм. Бодитой орж ирэх мөнгө Монголын эдийн засагт шууд нөлөө гэхээс илүү бусад салбарт өгч буй дохио болж байгаа гэдгээрээ ач холбогдолтой.

Валютын сангийн хөтөлбөрийн хувьд түгшээсэн ганц нэг заалт байна. Сая ирээд явахад нь нэг сонин юм анзаарагдсан. Хүүхдийн мөнгөн дээр. Валютын сан “Та нар гэрээгээ зөрчих нь зөрчсөн л дөө. Гэхдээ яахав дээ, ингээд өнгөрөөе” гэчихэж байгаа юм. Хамгийн балиар нь АХБ-ны байр суурь. “Та нар гэрээгээ зөрчсөн шүү. Тэгэхээр юм авна гэж найдалтгүй” гэчихэж байгаа юм. Дэлхийн банк, ОУВС, АХБ бүгд нэг байгууллага. Эд нар үүргээ хуваарилаад авчихсан юм болов уу гэж харагдаж байна. ОУВС гэмгүй царай гаргадаг, Дэлхийн банк нөгөө талд нь үгүй гээд суучихдаг. Засгийн газар ямар үйл ажиллагаа явуулахаас хамаараад нэг нь чимээгүй мэдэн будилсан царай гаргаад явна, нөгөө нь “Дэлхийн банк ингээд байна. Болохоо байлаа, зогсооё” гэдэг рүүгээ орж байх шиг. Ийм болгоомжлол надад төрсөн. 

АQR бол их чухал үзүүлэлт. Валютын сангийн шаардлагаар арилжааны банкуудад активийн ангилал дахин хийгдэж байгаа. Манай банкуудад review хийхэд стандартыг нь хангах нэг ч газар байхгүй. Бүгд луйвраа хийчихсэн. Найдваргүй зээлээ найдвартай гэчихсэн, дүрмийн сангаасаа хэтэрсэн зээлийг танил талдаа өгсөн гэх мэтээр арилжааны банкуудын хувьд байж болох бүх хуулиа зөрччихсөн байгаа. Цэгцлээд явчихъя гэхээр бүгд уначих эрсдэл байна. Энэ тохиолдолд шалгуур буруу, Монголын нөхцөлд гэсэн асуудал гарч ирнэ. Хоол идээд жин нэмэхээр хоол буруутай гэдэг шиг.

Валютын сангийн санал болгосон хувилбараар нь явсан ч их олон асуудал үүсэхээр байна. Систем бүрдүүлдэг банкуудаар хамаагүй оролдож огт болохгүй. Тийм тохиолдолд яах вэ гэдэг асуудал өөрийн эрхгүй яригдана. Гэхдээ энэ зөвхөн өнгөн талын асуудал. Банкны салбар өдийг хүртэл явсаар дүр төрхөө олсон. Бий болсон энэ төрх улстөр бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашигт нийцэж байгаа юу гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдрийн тухайд АQR-ийг далимдуулаад хөрөнгийн дахин хуваарилалт хийх зам руу яваад эхлэв үү гэсэн хар надад төрөөд байна. Хэрвээ ийм зорилго байгаа бол хэцүү.

Зээлийн хувийг бууруулах Ө.Ганзоригийн санаа дажгүй санагдсан. Ажилласан хүмүүс нь ханатай харагдсан. Одоогоор уншиж судлаагүй байна.