Ерөнхий сайд асан Р.Амаржаргал 2020 оны улсын төсвийн талаар ийнхүү бичжээ


Сэтгүүлчид төсвийн талаар дуугараач гэх юм юу гэж дуугарах юм вэ? 

Дуугарах юмгүй болохоор зугтаад л байлаа. Зугтах аргагүй болоод хэдэн юм хэлье гээд төвийн таван сонины сүүлийн гурван өдрийн гарчиг шагайв. Иймэрхүү юм гарч ирж байна.

Ирэх оны “идшийг” төсвийг хэлэлцээд бөөн завгүй хүмүүс байгаа бололтой. Орлого өндөр,  хийсвэр төсөв. Зарлага өндөр л гэнэ. Тойрогтоо ихийг татсан байна, сонгуулийн төсвийг танах ёстой, хөгжлийн бодлоготой уялдаагүй байна, төслөө татаж уучлал гуй, Хэт өөдрөгөөр төсөөлсөн, ихийг олох хүсэлд автсан, эрсдэл ихтэй төсөв, бодитой төлөвлөөгүй төсөв л гэнэ. Капитал банкны дампуурлаас 600 тэрбумын схем гарна ( төсвөөс мөнгө нь гарна, эсвэл хэдийнээ гарчихсан), Хятадаас 1000 автобус оруулж ирэх нь хэний шахаа вэ ( аль нэг төсөвт суусан байгаа), своп хэлцлийн төлбөр, ЖДҮ-чин нэрээ цэвэрлэхийн тулд ЖДҮХС- татан буулгахаар шийдсэн төсөв, сонгуулийн оноо цуглуулах төсөв, хуулийн барилга босдог хавдрын барилга унадаг төсөв, биеэ өмөөрч, буруугаа бусдаас хайдаг төсөв, бид ямар хүмүүсээрээ төрөө бариулчихав аа гэж алмайран, амаа барьсан төсөв, парламентын балаг барагдахгүй төсөв  гэх мэт. 

Сонины гарчгуудыг түүвэрлэхэд л тун ч чухал асуудал хэлэлцэж буй мэт гэтэл үнэндээ 

 Сонгуулийн жилийн төсвийг хэлэлцэнэ гэдэг (өнөөгийн тогтсон улс төр эдийн засгийн орчинд) хайран цаг зав, энерги, нерв. 

Учир нь энэ бол олныг санаатай төөрөгдүүлсэн хулхи төсөв, хуйвалдааны төсөв. 

Төсөв бол улс орны хөгжлийн чиглэл, эгэл олны амьдрал ахуйг өсөх, тэргүүн зорилтоо эрэмбэлсэн бизнес, хөрөнгө оруулагч нарт индикатор болохуйц тоон хэлд хөрвүүлэн тухайн жилд хэрэгжүүлэх бодлого, механизм, хяналтыг цогцоор нь илэрхийлсэн төрийн хууль байх учиртай.

Гэтэл өргөн бариад дуулиан шуугиан болгон хөөрцгөөсөн энэ төсөв бол дахиад онцлоход хулхи төсөв, хуйвалдааны төсөв.

2020 оны төсөв гэхээр эрхэм гишүүд эх орондоо хайртай, эгэл түмэнйд ээлтэй буюу тойргийн сонгогч олондоо мундаг гэдгээ харуулах, элдэв бүхнийг мэддэг, ээлжит жүжгээ тоглож, тодрох боломжоо ашиглах гэж оролдож байгаа юм. 

Тойрогтоо хувиарласан хөрөнгө оруулалтыг шууд болон тойруу замаар (байшин засварын цонхны тендерийг хүртэл ЖДҮ-гээс булаадаг эрхэм гишүүний тухай хөдөөний нэгэн залуу гайхшран ярьж байна) дээрэмдэж буй эрхэмүүд тун муу найруулсан жүжигт, тун ур чадвар муутай жүжиглэж байгаа хэдий ч эгэл олон, бизнесхэн бас сонирхоод, горьдоод үзээд байгаа юм.  Өөр үзэх юмгүй юм даа. 

Бүтэн жилийн төсвийн тухай боловч хагас жилд дуусгах гэж эрх мэдэлд ойр, танил талтай, авилга сайн өгч авдаг хэд 1 дүгээр сарын нэгнээс ширүүн тэмцэл хийнэ дээ. 

Төсвийн гүйцэтгэлийг хэн хариуцах вэ гэдэг асуулт байдаг. Энэ засгийн газар дараагийн сонгуулийн дараа тодорхойлтоорой байхгүй.

Тэдэнд гарьд дүүлнэ үү галав юүлнэ үү падгүй

Төсвийн гүйцэтгэлийг тэд хариуцахгүй 

Шинэ засгийн газар тодорхойлтоорой бас хариуцахгүй 

Шинэ нөхцөл байдал шинэ эрэмбэлэл гэх мэтээр халхавчлан төсвийн хөрөнгө оруулалтыг зогсоож, төсөвт тодотгол хийж өгөх\авах этгээдүүдийг шинээр эрэмбэлэн. 

Манайд хуулийн хэрэгжилт ямар байдаг билээ гэж асууж болно. 

Төсөв хууль болон батлагдан гардаг 

Орон даяар ягштал мөрдөгдөх учиртай 

Хуулийг ягштал мөрдүүлдэг механизм бид бүрдүүлж чадаагүй (30 жил болоход) 

Хуулийг эгэл олонд зориулан бичдэг, эрхтнүүдэд хамаарахгүй = тиймээс шударга ёсны тухай ярих хэрэггүй (одоохондоо) 

Зангарагтай зарчимтай, санхүү эдийн засгийн мэргэжлээ өчүүхэн ч гэсэн эрхэмлэдэг Сангийн сайд байсан бол ийм төсөв оруулж ирэхгүй. 

Дүгнэлт: Зөв хүнийг Зөв цагт нь зөв газар нь байлгадаг тогтолцоо бүрдүүлэх нь амин чухал асуудал.