ЛОНДОН. /TASS/. Их Британийн домогт “Queen” хамтлагийн одоо амьд байгаа гишүүдийн нийт хөрөнгийн хэмжээ Их Британийн хатан хаан II Елизаветагийнхаас давжээ. “The Sunday Times” сонинд мэдээлснээр, хамтлагийн гишүүдийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн нь “Queen” хамтлагийн амжилтад хүрсэн замналын тухай найруулагч Брайан Сингерын бүтээсэн “Bohemian Rhapsody, 2018” киноны амжилттай холбоотой аж. Уг кино дэлхийн кино театруудаас 1 тэрбум ам.долларын ашиг олжээ.


“Queen” хамтлагийн гишүүд болох Брайан Мэй, Рожер Тейлор, Жон Динкон нарын хөрөнгө нийлээд 445 сая фунт стерлинг /585 сая ам.доллар/ болсон байна. Өнгөрсөн онд тэдний хөрөнгө тус бүр 25 сая фунт стерлингээр /33 сая ам.доллар/ нэмэгджээ.


"The Sunday Times" сониныхны тооцоолсноор, хатан хааны хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жил 370 сая фунт стерлинг болж буурсан байна.


Хатан хаан II Елизавета Их Британийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг 1989-1994 он хүртэл таван жил дараалан тэргүүлж байсан юм. Гэвч дараа нь тэргүүлэгчийнхээ байр суурийг алджээ. Энэ нь жагсаалтыг гаргахад тавьдаг шалгуур өөрчлөгдсөнтэй холбоотой аж.


Дараагийн амралтын өдрүүдэд нийтлэх жагсаалтаас үзвэл, “Queen” хамтлагийн олон дууг зохиосон гитарчин Брайан Мэйн хөрөнгө энэ жил 160 сая фунт стерлингээр /210 сая ам.доллар/ үнэлэгджээ.  Өнгөрсөн онд тэрбээр 135 сая фунт стерлингтэй тэнцэх хөрөнгөтэй байсан байна. Бөмбөрчин Рожер Тейлорын хөрөнгийн хэмжээ 25 сая паундаар нэмэгдэж, 155 сая фунт стерлингт /205 сая доллар/ хүрсэн бол баргил гитарчин Жон Диконых 130 сая фунт стерлинг /170 сая ам.доллар/ болж, тэрбээр 2006 оноос хойш анх удаа чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг