ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, Владимир Путинтай өрсөлдөх эрхээ алдлаа. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Алексей Навальныйг өнгөрсөн хоёрдугаар сард өмч шамшигдуулсан хэргээр ял хүлээснээс болж сонгуульд өрсөлдөх шаардлага хангаагүй гэж үзжээ. Ноён Навальный тухайн үед зохион байгуулалттайгаар ийм хэрэгт буруутгалаа хэмээн няцаасан юм. 

Ноён Навальный ийнхүү өрсөлдөх эрхээ хасуулсныхаа дараа онлайнаар бичлэг хийж, ирэх сонгуульд Владимир Путин болон “түүний сонгосон хүмүүс” л өрсөлдөхөөр боллоо гэсэн байна. Түүнчлэн дэмжигчдээ жагсахыг уриалжээ. Ноён Навальный бол ноён Путины хамгийн том өрсөлдөгч, авилгын эсрэг дуу хоолойгоо өргөгч юм. Навальный Оросын залуу үеийнхэнд нэр хүндтэй билээ. 

Тэрбээр энэ гуравдугаар сард Путины засаглал дахь “авилгын” эсрэг олон нийтийг жагсан тэмцэхийг уриалж, 10000 гаруй хүнийг цуглуулсан. Владимир Путин сөрөг хүчнийхэн улс орныг тогтворгүй болгох гэж байна хэмээн Навальныйг шүүмжилсэн нь энэ сарын эхээр байлаа.