ДЭМБ коронавирусийн эрсдлийн үнэлгээ хийж Монгол Улсыг өндөр эрсдэлтэйд тооцсон гэдгийг Эрүүл мэндийн яамаас коронавируст халдвар (COVID-19)-тай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийх үеэр мэдэгдлээ.

Энэхүү эгзэгтэй хариуцлагатай үед Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авч байгааг дурдсан юм. Халдвар илэрсэн цагаас хойш 720 сэжигтэй тохиолдлыг бүртгэж 200 гаруй хүнийг тусгаарлажээ. Сүүлийн 3 өдөр сэжигтэй 310 тохиолдол илэрсэн гэв.

Тусгаарлагдаад байгаа иргэд тэр дундаа Пусан, Дэгүгээс ирсэн 17 хүн эмч, эмнэлэгийн ажилтнуудад биеийн халуунаа мэдүүлэхгүй гэжээ. Эдгээр иргэд Жаргалантын амралтад тусгаарлагдсан аж. Иймээс цагдаад мэдэгдсэн байна. Энэ мэт иргэдийн хандлага бусдадаа сөргөөр нөлөөлж 24 цагаар ээлжлэн ажиллаж эмч, эмнэлэгийн ажилтнуудыг хүндэтгэхгүй тохиолдол гарч буйг дурдаад өнөөгийн онцгой үед иргэний үүргээ биелүүлэхийг хүсэв. Зарим иргэд тусгаарлагдсан газар нь тав тухгүй байгаад гомдоллож буй. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ талаар тусгаарлагдсан иргэд өндөр зэрэглэлийн зочид буудалд буугаагүй гэдгээ ойлгон ухаарч хэдхэн өдрийн дараа гэр бүл хайртай хүмүүстээ эрүүл гэсэн оноштойгоор эргэн очих хүртэл тэвчихийг хүслээ.

Сайны хажуугаар саар гэгчээр ийнхүү хүнд суртал учруулж, халуунтайгаа мэдсээр байж нуун харьж яваа нэгэн байхад сайн дураараа тусгаарлагдахаар ХӨСҮТ-д хандаж байгаа иргэд ч цөөнгүй байгааг дурдсан юм.


Өчигдөр Сонгдо эмнэлэгт сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээлэл ирсэн. Үүнд ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг очиж ажилласан. Толгой нь өвдөж, ханиалгах шинж тэмдэгтэй байгаа учраас тусгаарласан гэв.