Манайд сонгогдоогүй байтугай сонгогдсон нэр дэвшигч сонгуулийн маргаашаас нь тойрогтоо үзэгдэх нь ховор. Тиймээс УИХ-ын сонгуулийн 22-р тойрог Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн ч мандат аваагүй П.Наранбаярын сонгогчидтойгоо уулзан талархлаа илэрхийлж, уучлал хүсч буй үйлдэл содон гэхээсээ илүү сайныг үлгэрлэсэн улс төрийн нэгэн соёл болохыг нийгмийн сүлжээнд олон нийт онцлов. Түүнтэй хэдхэн хором ярилцлаа.

- 1600 гаруй саналаар дутаж УИХ-д сонгогдож чадсангүй. 23 мянга гаруй сонгогчийн санал авсан нэр дэвшигч ийм дүн сонсох хүнд байсан болов уу?

- УИХ-ын сонгуулийн 22-р тойрог хоёр мандаттай байсан. 23479 хүний саналаар гуравдугаарт орж мандатгүй үлдлээ. Нэлээн өндөр санал авсан ч сонгогдоогүй ховор тохиолдлын нэг боллоо. Мандат аваагүйгээ мэдэх тэр үед их тайван байсан. Яагаад гэвэл миний хичээл зүтгэл хүрсэнгүй. Хамгийн түрүүн хүн өөрийгөө л буруутгадаг юм билээ. Жаахан хичээсэн бол 1500 санал авах байж дээ гэж бодогдсон. Одоо бол 23500 шахуу хүний итгэл найдварыг үүрсэн, саналыг авсан хүний хувьд мэдээж харамсах сэтгэл төрж л байна.

- Товчхондоо танд саналаа өгсөн 23500-аад хүн УИХ-д төлөөлөлгүй үлдлээ гэж ойлгож болох уу?

- Ер нь тийм. 

- Зарим нь хүн ам цөөнтэй тойрогт 13000 хүний саналаар УИХ-д сонгогдсон. Гэтэл дахин илүү санал авсан нэр дэвшигч гарч чадахгүй байгаа нь сонгуулийн өнөөгийн тогтолцоотой холбоотой гэж олонх нь үзэж байна. Таны хувьд?

- Уг нь үүнийг бид, ялангуяа Хөдөлмөрийн Үндэсний Нам их хэлж ярьсан. Гэвч олон нийт сонгууль болтол тоогоогүй. Сонгуулийн дараа ч тоохгүй байна. Гэтэл энэ нь Үндсэн хуулийн хүний эрхийн тэгш байх, алагчлалгүй байх зарчмыг хөндсөн асуудал. Энэ бол нэг мандатад ногдож байгаа хүн амын тоог тэгш бусаар хуваарилсан Сонгуулийн тухай хуультай л холбогдоно.

- Дүнгээ сонсчихоод сонгогчдодоо талархлаа илэрхийлж, бас тэднээс уучлал гуйгаад явж байгаа таны бичлэгийг фейсбүүкээс чинь харлаа. Энэ бол манай сонгуулийн эргэн тойронд бараг л шинэ үзэгдэл?

- Би сонгууль, сонгуулийн өрсөлдөөн ёс зүйтэй, зарчимтай, арга барил нь хүндээ илүү ойр, тэгсэн атлаа төсөв мөнгө хэмнэсэн байгаасай л гэж хүссэн. Энэ миний ч биш дэлхийд байдаг л жишиг.

- Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр та хичнээн хүнтэй биечлэн уулзаж, ямар хэмжээний зардал гаргасан бэ?  

- 15000 орчим хүнтэй биечлэн уулзлаа. Хандиваар 260 орчим сая төгрөг орж ирсэн. Үүнд дээр өөрийнхөө бизнесийн орлогоос 30 сая төгрөг нэмж зарцуулсан. Хуулиараа нэг нэр дэвшигч дээд тал нь 718 сая төгрөг зарцуулах ёстой.  

- Ер нь ямар ажилд хөрөнгө мөнгө түлхүү шаардагдсан бол?  Тухайлбал сүүлийн үед нийгмийн сүлжээнд хөрөнгө их зарцуулж байгаа мэдээ ч байна.

- Сошиалд мөнгө цацсан. Гэхдээ сонин хэвлүүлэх, самбар хийлгэхэд хамгийн их зардал гардаг юм байна. Том намууд самбарыг мянга мянгаар нь хийсэн. Би 150 самбартай л үзлээ. Гэхдээ надад самбараас илүү миний сайн ухуулагчид байсан. Тэд чин сэтгэлээсээ ажилласан. 200-гаад ухуулагчийн олонх нь миний багш, төгсөгч, шавь нар байлаа. Таныг үнэхээр дэмжиж байгаа болохоор цалин хэрэггүй гээд сэтгэлээрээ ажилласан хүмүүс ч бий.  

- Та яаманд, Үндэсний хөгжлийн газарт ажиллаж байсан, Японд сурсан, судлаач байсан. Дараа нь “Шинэ монгол” сургуулийн захирлаар ажилласан гэхээр гэр хороололд төдийлөн хүрч ажиллаад байдаггүй байсан болов уу. Сая сонгуулийнхаа сурталчилгаагаар Баянзүрх дүүрэгтэй бүтэн танилцсан байх. Таны мэдрээгүй, мэдээгүй дүр зураг ажиглагдав уу?

- Би Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд өссөн. Ус, нүүрсээ зөөж, түлээгээ хагалж амьдардаг байсан. Тэр үе буюу 1995 оноос хойш гэр хорооллын орчин ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Харин ч төвлөрөл нь ихсээд бүр муухай, заваан болсон байна. Ард түмэн ажилгүй, их ядуу байна. Бүгд энд тэндгүй зээлтэй. Ард түмнээ ядуу байлгаад, халамжийн мөнгө тараах замаар саналыг нь авдаг механизм 30 жил үйлчилсэн. Одоо ч хэвээрээ байна. Тэгэхээр амьдралын түвшинг дээшлүүлж байж л санал худалдан авалтыг үндсээр нь арилгана.

- Ядуурлын эх үндсийг та юутай холбож байна?

- Бизнесийн зээлийн хүү өндөр байгаа. Энэ нөхцөлд жижиг, дунд үйлдвэр хөгжихгүй, ажлын байр бий болохгүй байна. ЖДҮ-ийн зээлийг УИХ-ын 40 нөхөр цөлмөж идээд хэдэн мянган ажлын байрыг булаагаад авчихсан. Тэгж цөлмөж идсэн нэг хүн нь намайг ялж байна. Доромжилж байгаа байхгүй яг үнэндээ. Энэ бол ард түмнийг доромжилж байгаа явдал. Хоёрт гарсан МАН-аас нэр дэвшигч Б.Саранчимэгийг хэлж байна би. Энэ бол ард түмнийг доромжилж байгаа явдал.

- Ард түмэн өөрсдөө сонгосон биз дээ?  

- Ард түмэн сонгочихсон гэж хэлэхэд хэцүү. Энд юу үйлчилснийг би хэлж мэдэхгүй байна. Миний гарт нотлох баримт алга.

- Сонгогчид юуг хамгийн их захиж, бас хүсч байсан бэ?  

- Нэгдүгээрт ажлын байр, хоёрдугаарт шударга ёс тогтоохыг хүсч байна. Хаана байна тэр шударга ёс чинь гэж олонхи нь асуусан.  

- Та сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө улс төрд нь орж байж, цэвэрлэгээ хийхгүй бол болохгүй нь гэж мэдэгдэж байсан. Одоо улс төр лүү тууштай орсон уу?

- Мэдээж. Би улс төрийн замыг хаях юм бол 23500 хүний итгэлийг яах вэ? Намайг дэмжсэн мөртлөө саналаа өгч чадаагүй хүмүүсийн ирээдүйд үүсэх итгэлийг яах вэ. Ийм 40000 хүн байна.

- Тэгвэл та УИХ-ын танхимын гадна хоцорчихлоо. Одоо яаж?

- Би Хөдөлмөрийн Үндэсний Намын нарийн бичгийн даргын хувьд намаа нийслэл, дүүрэг, орон нутагт хөлтэй болгохын төлөө зүтгэнэ. Жинхэнэ утгаараа улс төрийн гуравдагч хүчин гэдгийг бий болгохын тулд явна даа.

Шулуухан хэлэхэд АН бол үнэхээр арчаагүй байлаа. Авсан санал, сонгуульд оролцсон байдлыг нь хар л даа. Үнэхээр том байсан юм бол МАН-тай өрсөлдөхөд яасан юм. Тухайлбал би З.Энхболд, Т.Батцогтын сонгуулийн компанит ажил хэн рүү чиглэснийг гайхаад байна.

- Хэн рүү чиглэсэн гэж?

- З.Энхболдынх бол над руу чиглэсэн. Миний ухуулагч нарыг хог цэвэрлэлээ гээд шүүх цагдаад өгсөн хүн шүү дээ. Бид ухуулгынхаа байрны эргэн тойрныг цуглаан хийхэд бэлтгэж цэвэрлэсэн. Ингэж надтай зууралдахын оронд үнэхээр том байсан юм бол томчуудтайгаа зууралдах хэрэгтэй шүү дээ. Иймэрхүү зүйлийг хараад АН үнэхээр арчаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

- Тэгвэл МАН-ын тухайд?

- МАН хөлөө маш сайн ажиллуулах шиг боллоо. У.Хүрэлсүхийн нэр хүндийн араар бүгд орлоо. Нэг ч хүн бодлогын мэтгэлцээнд ороогүйг та харсан байх. Бид дуудсан. АН нь МАН-аа тэгж дуудахгүй байхад Хөдөлмөрийн Үндэсний Нам шууд ярилцлага, мэтгэлцээнд дуудсан, урьсан. Нэг ч хүн ирээгүй, ороогүй. Ийм маягаар ажилласан МАН-д сонгогчид саналаа өгөөд байна гэдэг нь ирээдүйгүй.  

Улс төр гэдэг гудмыг үхтлээ метрлэж явж хүндээ хүрэхийг, тэдэнтэйгээ ойр байж бодлогоо ярьж өрсөлдөж гарч ирэхийг хэлнэ. Өөрийнхөө хөлийг ажиллуулчихаад хэрэв манайх ялахгүй бол та нар ажилгүй шүү гэх маягаар сүрдүүлж явдаг улс төр тун удахгүй дуусна. Энэ эрин үеийн эхлэл дээр нь бид, би зогсож байна. Ингэж л би хэлнэ дээ.


Ярилцсан сэтгүүлч Д.Даваадулам

“Байзнаарай. Хэдхэн хором” ярилцлагын булангаас