Хөдөлмөрийн үндэсний намын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, “Уухай” хөдөлгөөний гишүүн, Олон улс судлалын доктор П.Наранбаяртай ярилцлаа.


-Ардчиллын тухай яриагаар ярилцлагаа эхлэх үү. Ардчилал гэдэг ойлголтыг та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

-Францын хувьсгалаар ардчиллын тулгын гурван чулуу болсон ойлголтыг liberty, fraternity, equality гэж тунхагласан байдаг. Гэтэл бид энэ гурван ойлголтыг зөв ойлгож ухаарсан эсэх нь эргэлзээтэй. Ташаа орчуулж буруу ойлгогдсон гэж боддог. Уг нь Liberty нь эрх чөлөө, fraternity нь ахан дүүсийн холбоос, equality эрх тэгш байх зарчим юм. 

Ардчилал бол ардчилсан хувьсгалыг өрнүүлсэн хэдэн элитүүдийн авчирсан зүйл биш. А.Линкольны хэлснээр “Ардчилал бол ард түмнээс сонгогдсон, ард түмний өөрсдийнх нь засаглал юм”. Монголчуудын хувьд ч анхнаасаа цоо шинэ зүйл байгаагүй. Бидний уламжлал ахуй соёлд нэвт шингээстэй явж ирсэн үнэт зүйл.


-Бидний үнэт зүйлд байсан ирсэн зүйл гэж үү?

-Эмэгтэй хүний үүрэг, роль, эрх мэдлийг хар л даа. Монгол эмэгтэйчүүдийг аль ч улс орны бүсгүйчүүдтэй харьцуулахааргүй эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшинд хүчтэй оролцоотой байж ирсэн. Хаадыг гэхэд хурилдай гэдэг тогтолцоогоор сонгож ирсэн түүхтэй. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг ч монголчууд өөрсдөдөө ч өрөөл бусдад ч олгож ирсэн ард түмэн. Тийм ч учраас эзэлсэн улс гүрнийхээ иргэдэд өөрсдийгөө шашныг тулгаж байсан удаагүй. Ерөөсөө Liberty буюу эрх чөлөөний тухай ойлголт бидний цусанд, түүхэнд нэвт шингэж ирсэн нь энэ бүхнээс харагдана. Харин одоо бид ардчиллыг бэхжүүлэх эргэлтийн цэг дээрээ ирсэн.



-Ардчиллыг хязгааргүй эрх чөлөөтэй хольж ойлгосон нь бидний алдаа юм биш үү. Эргээд хатуу гар хэрэгтэй гэж ярих болж. Ингэхэд бид ухарч явна уу урагшилж явна уу?

-Зөвхөн монголчууд л ардчиллыг буруу ойлгож ташуурч яваа гэдэг нь юу л бол. Хар л даа, өнөөдөр олон улс оронд ардчилал эмзэг байдалтай болов. Өнөөдөр Индонези, Хонконг, Гүрж, Исламын орнуудад өрнөж буй улс төрийн үйл явцыг сайтар ажиглаарай. Ардчиллын өлгий болсон Англи, АНУ ч дотроо бужигнаж байна.

Ардчилал гэдэг тухайн улс үндэстэн өөрөө л хамгаалж, өөрөөсөө урган гаргаж, үнэт зүйлсийг нь тогтоох ёстой зүйл. Нандигнахгүй бол хэврэг зүйл байгаа биз. Нөгөө талаас популизм цэцэглэж буй нь дэлхий даяар баян ядуугийн ялгаа хэт ихэссэнтэй холбоотой. 


-Бид буруугаа хэнээс эрэх ёстой вэ?

-Эрх баригчид ямар ардчиллыг хүснэ, тийм ардчилал тогтдог гэсэн үг бий. Манайд өрнөж буй улс төрийн үйл явцыг ажиглахад эрх баригчид эрх мэдлээ авч үлдэхийн тулд ардчиллыг золионд гаргахыг хүсэмжилж байна гэж хэлэхэд буруудах зүйл алга. Сонгуулийн тогтолцоо дээр гэхэд анхнаасаа мажоритар системээр явж ирсэн. Өөрөөр хэлбэл ялагч л бүхнийг авна гэдэг харгис ойлголт. 51 ба 49 хувийн санал авсан байхад 49 хувийн дуу хоолойг үл тоодог. Гэтэл тэр санал өгсөн 49 хувь шал өөр зүйл хүссэн байж таарна. Бид яагаад  хувь тэнцүүлсэн пропорциональ тогтолцоог сонгож болохгүй гэж.


-Тэгвэл яах ёстой гэж, пропорционал буюу хувь тэнцүүлсэн системд өнөөгийн намууд бэлэн байна уу?

-Пропорционал буюу хувь тэнцүүлсэн системд орохын тулд намууд тус бүрнээ өсөж торниж, олон нийтэд санхүүгийн асуудлаа нээлттэй болгох ёстой.  2018 онд ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/ л олсон орлого, зарсан зарлагаа олон нийтэд тайлагнасан. Өөр ямар ч нам тайлагнаагүй. Гэтэл Монголд бүртгэлтэй 35 нам бий. Бусад намуудын санхүүжилт яг хаанаас орж ирдэг, яаж зарцуулдаг эсэх нь хав дараастай үлдсэн. Үүнээс гадна тухайн нам доторх ардчилал, эрүүл өрсөлдөөн байгаа эсэх дээр ажиглалт хийвэл хэцүүхэн дүр зураг харагдана. Шуудхан хэлэхэд манай намуудын тогоонд эрүүл өрсөлдөөнөөс л илүү намыг мөнгө болгох л явц өрнөж байна шүү дээ. Ийм улс төрийн систем байж болохгүй.

Яг үнэнийг хэлэхэд манай улс төрийн нам, хүчнүүдийн сэтгэлгээ яг л социализмын үед л үлдчихэж. Энд тэндгүй гишүүнчлээд л, үнэмлэхийг нь гардуулаад л үүнд нь тааруулаад иргэд ирсэн батлахыг нь гурил будааг болгож идээд сууж байгаа нь нууц биш шүү дээ. Зарим нь мөнгийг нь аваад санал өгчихдөг.


-Ийм учраас л залуус төрд олон жил зүтгэж яваа зарим нэр нөлөө бүхий улс төрчдийг зайгаа тавьж өгөх цаг нь болсон, сонгогчийн боловсролд анхаарал хандуулах ёстой гэж ид шүүмжилж байна...?

-Олон жил парламентад суусан ахмад улс төрчид зайгаа тавьж, залуус гарч ирэх ёстой гэсэн бусдыг насаар нь заагласан ойлголт байх учиргүй. Шинэ үе гэдэг шинэ үзэл хандлага, өнөөдрийн нийгэмд болохгүй байгааг өөрчилье гэсэн сэтгэлгээтэй л хүн байх ёстой. Тэр нь 80 настан эсвэл 20 настай идэр залуу хүн ч байж болно. 

Сүүлийн үед асуудлаа сонгогчид руу чихэх юм. Уг нь сонгогчийг ямар ч тохиолдолд буруутгах ёсгүй. Энэ сонгогч нар чинь 1990 оноос хойш Монгол Улсыг хэцүү байдлаас гаргасан мэргэн шийдвэрийг гаргаж ирсэн юм шүү. Сонгуулийн саналын дүнг харахад яг л таарсан үнэлгээ өгсөн байдаг. 2012-2016 оныг эргэн харцгаая. Тухайн үед АН хувийн хэвшилд, гадаадын хөрөнгө оруулагч нарт чөдөр тушаа болох шийдвэрийг гаргасан нь үнэн. Үр дүнд нь тэрхүү шийдвэрийнхээ л горыг амссан үнэлгээ авч сонгуульд ялагдсан.

Харин буруутан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж би ойлгодог. Сэтгүүл зүй торниж, хүмүүст чанартай, үнэ цэнтэй мэдээлэл хүргэж байж л иргэдийн аливааг харах өнцөг өөрчлөгдөнө. 


-“Уухай” хөдөлгөөнийг нийгэмд дэмжсэн, шүүмжилсэн янз бүрийн л хандлага байна. Та энэхүү залуусын нэгдлийг хэрхэн тодорхойлох вэ?

- “Уухай” бол цоо шинэ арга барил, шинэ замыг эрэлхийлж яваа хүмүүсийн нэгдэл. Өнөөгийн намуудын үзэл баримтлал нэг нэгнээсээ ялгарахаа больчихсон, Шуудхан хэлэхэд бүгд л популизм руу чиглэж байна. Улс төр хийх үйл явц, намуудын дотоод асуудал нь ялзарчихсан. Сонгуульд нэр дэвших эсэхийг нь хэлэлцэхийн тулд намдаа 100 сая төгрөг хураалгадаг энэ эрүүл бус тогтолцоотой. Бид энэ системээс өөр арга барилаар өөрсдийгөө илэрхийлж олны дэмжлэг авч, улс төрийг эрүүл болгож болдог гэдгийг л харуулахыг хүсэж байна. Ингэж байж л тогтолцоо зөв гольдролд орно гэдгийг харуулах гэсэн юм. Энэхүү зорилгод маань нийгмийн сүлжээний үүрэг маш их.

Манай ХҮН хатуу гишүүнчлэлтэй нам биш, бидний үзэл баримтлалыг дэмжлээ гээд гишүүн байх албагүй, сонгуульд саналаа өгч дэмжихэд л болно. Манай нам бодлого ярьдаг болохоос, гишүүнчлэлийнхээ тоогоор гайхуулж явдаг нам биш.


-Яг үнэнийг хэлэхэд улс төрчид сонгогдохоороо ярьж байгаагаасаа шал өөр үйлдэл хийдэг. Иргэд ч энэ хандлагаас болоод итгэл алдарчихсан. Та бүхэн тууштай нэгдэл байж зорьсоноо биелүүлж чадах уу?

-"Уухай" хөдөлгөөн бол шинэ үеийн, шинэ үзэл баримтлалтай, итгэлтэй, хариуцлагатай хүмүүсийн хүч түрсэн давлагаа юм. Энэ давлагаа шийдвэр гаргах түвшинд ороод ирвэл өөрчлөгдөхөөс өөр аргагүй. Дэлхий ертөнц өөрчлөгдөж бүхий л зүйл шинэчлэгдэж байна. 

Гэтэл манай парламент ядахдаа товлосон цагтаа ч хуралдаж чаддаггүй. Парламентэд сонгогдсон цагаасаа хойш хэдхэн удаа хуралдаа суусан гишүүн ч бий. УИХ-ын дарга нь ирцийн хэрүүл хийгээд “Битгий орж гарч гүйлдээд бай” гээд загнаад суугааг нь харахаар цэцэрлэгийн багш шиг санагддаг. Хурал нь хэзээ ч цагтаа эхэлдэггүй, ирц нь бүрддэггүй Байнгын хороо дээр асуудлыг оруулах гээд төрийн албан хаагч түшмэлүүд нь чилтлээ хүлээнэ. 

Уг нь хуралдаа цагтаа ирнэ гэдэг чинь тэдний үүрэг, ёс зүйн асуудал юм. УИХ-ын гишүүд нь ийм хариуцлагагүй байхаар Засгийн газрын гишүүд цаашлаад төрийн албан хаагч нар нь ч яг л өнөө л үжирсэн муухай соёлд нь дасчихсан, сурчихсан. УИХ зөвхөн Засгийн газрыг холбируулах эсвэл нэг сайд томилогдох үед л ирцээрээ цугладаг. Иргэд нь ч хүртэл энэ хэв маягийг хүлээн зөвшөөрчихсөн байх жишээтэй. УИХ-ын гишүүний үндсэн үүргээ биелүүлж хуралдаа яг цагтаа суудаг бол асуудлаа судлах нь гарцаагүй. Хэрэв УИХ ингэж нямбайрч чамбайраад ирвэл дагаад л Засгийн газар, яам агентлагууд, харилцдаг ААН, иргэдийн хандлага ч цэгцрээд ирнэ. Ингэж сурахад дөрвөн жилийн хугацаа л хэрэгтэй. 


-Та Японд боловсрол эзэмшсэн. Ёс зүйн энэ мэт асуудал дээр Япончуудаас үлгэр авах жишээ олон. Жишээ татаж сонирхуулвал…?

-Ёс зүй гэдэг зөвхөн Японд л байдаг зүйл биш. Япончуудаас биш өөрсдөөсөө ёс зүй гэдэг зүйлийг хаймаар байна. Монголын түүхэнд гэхэд ёс зүйтэй холбоотой гайхалтай жишээ олон бий. Хаадаас Өгөдэй хаан ганцаараа өөрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрч, түүнийгээ түүхэнд бичиж үлдээсэн байдаг нь анхаарал татдаг. Өөрийгөө “Би гурван гэм хийсэн хүн. Бор дарсанд дурласан, Доголхүү чэрбиг хилсээр цаазалчихжээ...” гэсэн байдаг. Ингэж алдаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг маш өндөр ёс зүйтэй хүн байсныг харуулна. 

Мөн миний хойч үед өөхөнд ороовч нохой үл идэх, өвсөнд боовч үхэр үл долоох нэгэн төрвөл хэнийг хаанаар сонгохоо хойч үеийн үрс мэдтүгэй гэсэн байдаг. Ийм ёс зүйтэй байсан учраас төр улс нь 200 гаруй жил оршин тогтносон юм. Үнэт зүйл маань бидний дотор бий, үүнийг гаднаас эрж хайх хэрэггүй. Үнэт зүйлээ үгүйсгэдэг учраас бид өөртөө итгэлгүй, сайн сайхан бүхнийг гаднаас хайсан хүмүүс болжээ. Харин боловсролын асуудал дээр бид дэлхийг харах ёстой. 


-Нэгдсэн үзэл баримтлалгүй бүхэн нуран унадаг. Та бүхэнд ч бас ийм гашуун түүх бий байх аа?

-Манай ХҮН-Хөдөлмөрийн үндэсний нам “Монгол хүний товчоон” номыг хэвлэсэн. Энэ номоороо өөрсдийнхөө үзэл баримталыг тунхаглачихсан. Өмнө нь 2015 онд “Хүн хөгжил” клуб гэж байлаа. Тухайн үед янз бүрийн эрх ашиг, үзэл баримтлалтай, эрх мэдэл рүү харайгаад шууд хүрчих гэсэн зорилготой хэсэг бүлэг хүмүүс байсан нь үнэн. Үүнээсээ ч болж нам дотроо маш их хямрал, зөрчил үүссэн. Муу нуухаар сайн илчил гэж үг ч бий, манай намын хямрал хүн болгоны өмнө ил явагдсан процесс шүү дээ. Бидний хувьд маш хүнд бөгөөд гашуун туршлага болж үлдсэн. Энэ хүнд үеийг ХҮН өөрөө даван туулж, 2018 онд намын санхүүжилтийн асуудлаа сайн дураараа ил тод болгон олон нийтэд зарласан нам болж чадсан. Одоо бид сахилга баттай хүмүүсийн нэгдэл болсон гэж ам бардам хэлнэ. Мэдээж үзэл бодол зөрөлдөх үе гарна, гэхдээ нам болж ярих үед нэг л байр суурьтай байх ёстойг бид биеэрээ туулж торнижээ. Ирэх сонгуульд торнисон намын хувьд сонгуульд оролцох гэж байна. 

Нийгэмд болохгүй байгаа бүхнийг өөрчилье гэсэн хүмүүс манай намыг дэмжээсэй гэж хүсэж байна. Бид та бүхний итгэлийг хөсөрдүүлэхгүй. Хоёр талаасаа итгэхээр итгэлцэл үүсдэг. Энэ итгэлцэл бол ардчилал, зах зээлийн эдийн засаг юм. Итгэлцлийн ачаар хөрөнгийн болон банк санхүүгийн зах зээл цэцэглэж, дараагийн шат бий болдог, эдийн засаг нь томордог. Тийм учраас шинээр сонгууль өгч буй залуус, бидэнд итгэж дэмжиж буй болон дэмжихгүй байгаа хүмүүст бидэнд итгээрэй, итгэлцлийг харилцан үүсгэе гэж хэлмээр байна. Итгэлцэл үүссэн цагт ардчилал өөрөө ажиллаж эхэлдэг. Үүнийг АНУ-ын судлаач Патнам “Нийгмийн итгэлцэл өндөр байгаа цагт нийгэмд нийгмийн баялаг их байна ” гэж хэлсэн байдаг. 


-Бид итгэлцэлтэй нийгмийг бүтээж чадаж байна уу. Монголчууд хувиа хичээсэн өөрийгөө аргацаасан гэж нэгнээ шүүмжилдэг шүү дээ?

-Уг нь бидний соёл уламжлалд итгэлцэл гэдэг үнэт зүйл нэвт шингэсэн байдаг.  Хээр хөдөө явж байгаа монгол хүн худаг таарвал ус татаад хэний ч малыг услаад өнгөрдөг заншилтай ард түмэн. Ховоогүй бол ховоо үлдээгээд явахыг маш их буян гэж үзнэ. Айлын мал таарвал эзэнд нь дуулгадаг, хаалга үүдээ цоожлолгүй, халуун цайгаа үлдээгээд гардаг уламжлалтай.

Тэгсэн хэрнээ бид өөрсдийгөө нүүдэлчид учраас нэгнээсээ хамааралгүй, тэр хэрээрээ хувиа хичээсэн зантай, тэр нь бүр яс цусанд нь шингэсэн гэж шүүмжилдэг.  Яг үнэндээ бид байгалийн хатуу ширүүн уур амьсгалыг хамтдаа даван туулж, малаа адгуулж ирсэн. 

Баруунд хоорондоо юмаа хуваалцаж хамтдаа эд зүйлсээ хэрэглэдэг share-лэх сэтгэлгээ сүүлийн үед яригдаж байна. Гэтэл энэ соёл монголчуудын хувьд бүр эртнийх юм. “Алив, миний хүү тэр айлын тарагны хөрөнгийг аваад ир” гээд хүүхдээ гүйлгэнэ, ингэж илүү дутуугаа өгөлцөж авалцаж л ирсэн. Энэ соёл нь хязгаарлагдмал нөөцийг оновчтой ашиглах арга байж. Бэлчээрээ ч мөн адилхан, чинийх минийх гэлгүй хайрлаж, хамтдаа хуваалцаж л ирсэн. Харин сүүлийн үеийн хотын айлуудын хаалга хэдэн тийшээ хавхийтэл цоожлогддог болж, хаалганы өргөн нь ч улам нэмэгдсээр байна. Бидний итгэлцэл нимгэрсэн нь хаалга зузаарсантай тэнцэхээр болж. Хуваалцдаг, итгэлцэлтэй сэтгэлгээгээ гээж байгаа нь бидний эмгэнэл юм. Төрийн албан хаагчид гэхэд тангаргаа өргөчихсөн хэрнээ сонгууль удахгүй болох нь, аль нам гарах бол, намайг хэзээ халах бол гэсэн айдастай л байна шүү дээ. Ийм мэдрэмжтэй байгаа цагт ажилдаа ч, өрөөл бусдад ч итгэхгүй. Тийм учраас л итгэлцэлтэй нийгмийг бүтээхээр шинэ үеийн залуус нэгдэж зорьж явна.