Хөдөлмөрийн үндэсний намыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс гаргасан хэмээн тус нам өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ. Үргэлжлүүлэн жагсаал зохион байгуулж байна. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу/

Мэдээллийн үеэр япон сэтгүүлч "Монголд амьдардаг гадаадууд монголын ардчилсан нийгэм, ардчилсан засаглал унахвий гэж санаа зовж байна. Иймд яагаад ийм зүйл болов, цаашид ямар арга хэмжээ авах вэ" хэмээн асуулаа.

Хариултад нь ХҮН-ын Бодлого хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаяр "Орон нутгийн сонгуулийн ажилд шүүгч орж ирээд оролцох эрхийг хасаж, сонгуулийн үйл ажиллагаанд саад учрууллаа. Энэ бол ардчилсан улсад маш аюултай, өршөөх ёсгүй зүйл. Иймд бид эцсээ хүртэл тэмцэх болно. Хууль бус шийдвэр гаргасан шүүгчийг өөгшүүлж хэзээ ч болохгүй.

Шүүгч, шүүх эрх мэдэлтэн сонгуулийн үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр оролцож буй энэ үйлдэлд шүүгч, цаашлаад шүүгчийг томилох эрхийг барьж байгаа ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой" хэмээв.