Шинэ төрлийн коронавирусийн улсаас сургууль цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Ингэснээр хөл хорионы үеэр бүхэл бүтэн нэг улирлын хичээл хоцрогдож байгаа билээ. Хэдийгээр БСШУСЯ-аас энэхүү хичээлийг үлдсэн хугацаанд нөхөж үзнэ гэж буй ч 12 дугаар ангиа төгсөж буй хүүхдүүдэд хүнд тусах нь тодорхой болоод байна. Энэ талаар Олон улсын судлалын доктор П.Наранбаяр үзэл бодлоо хуваалцлаа.


-Та энэ удаагийн хөл хорионы улмаас энэ жил төгсөх сурагчид ЭЕШ-д бэлдэх цаг хомс хомс болсон. Зөвхөн онлайнаар хоцрогдсон хичээлийг нөхөх боломж бий юу?

-Энэ жил 2002 онд төрсөн хүүхдүүд 18 нас хүрч байна. Үндсэндээ 12 жил анги алгасалгүй суралцсан 30 гаруй мянган хүүхдүүд төгсөж ЭЕШ өгөх гэж байна. Эдгээр хүүхдүүд 6 настнуудыг хүлээн авсан боловсролын шинэчлэлийн анхны бүтээгдэхүүн. Өмнө нь ЕБС-иа төгссөн ч гадаадын их дээд сургуульд суралцах гэхээр нас нь, суралцсан жил нь хүрдэггүй зэрэг асуудлууд энэ оноор цэгцэрч байгаа юм. Гэтэл цаг үеийн асуудлаас болоод сурагчид хөл хорионд орчихлоо. Хичээлээ онлайнаар үзэж байгаа ч яавч ЭЕШ-д бэлдэхэд хангалтгүй. Онлайнаар суралцаад байгааг үгүйсгэх гээгүй ч танхимд суралцана гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй заах арга зүй. Багшийн биелчилсэн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Бие даан суралцах хандлагатай хүүхдүүдэд онлайн болон танхимын сургалтын аль аль нь өгөөжтэй. Гэвч одоо суралцаж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь багшаараа чихдүүлж, яав, юу ойлгохгүй байна гэж асууж шалгааж л оролцож байна шүү дээ. Дан ганц онлайнаар сурахад сурагч нар бэлтгэгдээгүй гэсэн үг. Эцэг эхчүүдийн хувьд ч даалгаврыг нь заах боломж адил биш. 


-Энэ тохиолдолд салбар яам нь ямар арга хэмжээ авах ёстой вэ?

- Коронавирус гарсан нь давагдашгүй хүчин зүйл, Засгийн газар ч зөв арга хэмжээ авч байгааг хэлэх ёстой. Гэхдээ ард нь энэ хичээлийн жилд 9 долоон хоног буюу 47 өдрийн танхимын хичээл сох дутах нь үүний зөв зохицуулмаар байна. Дөрөвдүгээр улирлын амралтгүйгээр хичээллэж, бямба гарагт хичээллээд ч цаана нь 35 өдрийн хичээлийг агуулга хоцрогдох нь. БСШУСЯ энэ бүхнийг тооцохгүйгээр ЭЕШ, улсын шалгалтаа өмнөх шигээ хугацаатайгаар товлочихсонд энэ салбарт ажилласан хүний хувьд санаа зовж байна. Мэдлэг гэдэг нэг дор хүний тархи руу чихчихдэг зүйл биш шүү дээ. Тиймээс боловсролтой холбоотой байгууллагууд, БСШУСЯ яаралтай арга хэмжээ авч, хариуцлагатай төлөвлөлт хийх ёстой. Ингэж байж хүүхдээ бодсон шийдвэр гарна. Боловсролын салбарт ажиллаж байсан хүний хувьд ажиглаж байхад анги дэвших шалгалт нь онцын ач холбогдолгүйг мэднэ. Иймээс ядаж энэ удаадаа 5, 9, 12 дугаар ангийн анги дэвших улсын шалгалтыг авахгүй байх тал дээр судалгаа хийхийг хүсэж байна. 



-Сонгууль хичээл нөхөж орохгүй байх шалтгаан болж чадах уу?

-Дэлхийн олон улс оронд парламент тарж л байдаг шүү дээ. Тэр болгонд л сонгуультай гээд ЕБС нь эрт амардаггүй л байхгүй юу. Уг нь бүх юм сонгуулиас үл шалтгаалан явдагаараа л явах ёстой. Ялангуяа хүүхдийн боловсролд улс төр бүр ч хамаагүй асуудал. Ийм учраас хүүхдийнхээ боловсролын төлөө зөв шийдвэр гаргаж хичээлгүй өдрийг нөхөх нь зүйтэй, хүүхдийг хохироох ёсгүй гэж үзэж байна. 

Ер нь дэлхий дээр хичээлээ бүрэн онлайн болгочихсон сургалттай сургууль хаана ч байхгүй. Танхимын сургалт хэдийгээр 20 дугаар зууны бүтээгдэхүүн боловч ач холбогдолтой үнэ цэнтэй хэвээрээ гэдгийг мартаж болохгүй. Бараг хоёр сар шахам хугацааны хичээл дутуу байхад нөхөж хичээллэхгүйгээр яаж хэдхэн хоногт хүүхдүүдэд ойлгуулна гэж. Маш их агуулга шүү дээ. 


-Зарим жил ЭЕШ-д хүүхдүүд олноороо тааруу өгдөг. Энэ жилийн хувьд ч асуудал үүсэх магадлалтай гэж харж байна уу?

-Асуудал үүсэлгүй яахав. Ийм их хугацааны хичээлээ үзээгүй хүүхдүүд л хохирно. Хариуцлагыг БСШУС-ын яам нь үүрэх юм байлгүй. Яаж бодохоороо ийм урт хугацааны хичээлийг алгасаж, хэдхэн хоногт нөхөж болно гэж бодоод байгаа нь хачирхалтай. Ер нь сүүлийн таван жил ЕБС тогтвортой хичээллэсэнгүй. Хичээлийн жилийн төлөвлөгөөг яам баталдаг. Гэтэл гэнэтхэн ханиад томуу, утаа эсвэл ямар нэгэн шалтгаан гараад улирлууд нь хөдөлчихдөг. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Ерөөсөө сайн боловсролтой орнууд үүнийг маш нарийн тооцоолж төлөвлөдөг. Эцэг эх нь тэрхүү төлөвлөгөөгөөр нь ажил амьдралаа зохицуулдаг.  Манайд бол дураараа л энэ хуваар дураараа хөдөлж байна. Нэгэнт ингэж хөдөлдөг гэдгийг мэдсээр байж энэ бүхнийг анхнаас нь төлөвлөж болно шүү дээ. Жишээ нь өвлийн амралтыг эртнээс урт тавьчихаж яагаад болохгүй гэж. Гурван улиралтай байхаар ч зохицуулна болно шүү дээ. Тухайлбал нэгдүгээр улирлын амралтыг би тийм ч оновчтой гэж үздэггүй. Дөнгөж хичээллээд жигдэрч эхлэнгүүт 11 дүгээр сард амарчихдаг. Энэ амралтын өдрүүдийг анхнаасаа өвлийн амралт рүү шилжүүлж болно шүү дээ. Ид хүйтний улирлыг тооцоод яагаад 8 дугаар сүүлийн долоо хоногт хичээлээ эхэлж ч болно. 

Нэмж хэлэхэд Боловсролын үнэлгээний төв 2 дугаар сарын 7-нд ЭЕШ-ын журмаа баталсан. Гэтэл хөл хорио дахиад сунгагдчихсан. Иймээс энэ товоо эргэж харах ёстой.


-Зарим жилүүдэд ЭЕШ асуудал дагуулдаг шүү дээ. Та үүнийг хэрхэн хардаг вэ?

-Боловсролын үнэлгээний төв шалгалтын сэдвийн хамрах хүрээгээ эртхэн зарлачих ёстой юм. 

Манай багш нарын ЭЕШ-д анализ хийсэн эрдэм шинжилгээний дүнг уншиж байлаа. Сонирхолтой нэг жилийн шалгалтад нэг сэдэв дээр л хэт их төвлөрчихөөд дараа жил нь тэр сэдэв нь огт ирдэггүй. Сэдэв нь маш их савлалттай. Ийм баримжаагүй шалгалтад хүүхэд яаж бэлдэх вэ дээ. Багш нар ч ямар ч харьцуулсан судалгаа хийх боломжгүй болчихож байгаа юм. 

Уг нь даалгавар хөнгөнөөсөө хүнд рүү хүний чадварыг бүрэн гаргахуйц байх ёстой.  Шалгалт боловсруулна гэдэг нарийн төвөгтэй, мэргэжлийн ажил. Боловсролын үнэлгээний газар олон жил хийлээ. Одоо савлалтгүй шалгалтын материал хийх цаг нь болсон. Хэрвээ хэт их савласан шалгалтын материал бэлдсэн бол хариуцлага өөрсдөө хүлээх ёстой.