Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдан С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Т.Чимгээ нарын хэргийг шүүн таслах явцад эрхийг нь зөрчиж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй баримттай танилцсан билээ. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Т.Чимгээтэй уулзсан. Тэрбээр энэ үеэр хэд хэдэн ноцтой баримт дурдаж, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй талаар дурдсан нь олны анхаарлыг татаж байна.

Ерөнхий сайдын мэдэгдэлд дараах мэдээлэл олон нийтэд тодорхой болов.

“1. Хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилчид Т.Чимгээтэй урт удаан хугацаанд хувийн харилцаа тогтоож байжээ.

2. Уулзаад уух зүйлд нь мансууруулах бодис хийж мансууруулсан. 

3. Нүцгэн зургийг нь гэр бүлийн хүмүүс рүү нь явуулсан. 

4. Биеэ хянах чадваргүй байхад нь хурууны хээ авсан. 

Энэ мэдээллийг өмнө нь хэн ч мэдээгүй байсан. Хэн ч яриагүй байсан. Иймээс хэргийн материалын нууцаас гаргасан хэсэгт хамааралгүй гэдэг нь тодорхой. 

Энгийн иргэд төдийгүй хуульчдын анхаарлыг татаж буй асуудал бол Ерөнхий сайд нууцад хамаарах мэдээллийг задалсан тухай асуудал юм.

Ерөнхий сайд мэдэгдэлдээ “Энэ тухай бичлэгийг ил болгохыг Чимгээ зөвшөөрсөн. Иймээс Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргах асуудлыг бид шийдвэрлэнэ” гэж хэлсэн.Т.Чимгээ зөвшөөрөхөөр төрийн нууц нь нууц биш болчихгүй л дээ уг нь.

Тэгэхээр тус мэдээлэл нь Ерөнхий сайд мэдээлэл хийх үед нууцад хамааралтай хэвээр байгаа нь тодорхой. Харин цаашид Засгийн газрын хуралдаанаар ил болгох асуудлыг шийдвэрлэж ил болгох юм байна гэж ойлгогдсон. 

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.Төрийн нууцад дараах мэдээллийг хамааруулна: 13.1.4.д.гүйцэтгэх ажлын шугамаар шалгасан болон шалгаж байгаа хэргийн материал, баримт сэлт, мэдээлэл;” гэж зааснаар төрийн нууцад хамаарах мэдээлэл.

19.3.Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасан. Иймээс дээрх процессоор төрийн нууцаас ил болгох Засгийн газрын тогтоол гарснаас хойш энэ мэдээллийн талаар ярих, баримт сэлтийг нь дэлгэхэд ямар нэгэн асуудалгүй. Харин тэр тухай Засгийн газрын тогтоол гарах эцсийн цаг минут хүртэл энэ талаар ам нээвэл гэмт хэрэг юм. 


Ерөнхий сайд тус мэдээллийг хаанаас олж мэдсэн байж болох вэ?

ҮАБЗ-ийн гишүүний хувьд танилцуулагдсан мэдээллээс олж мэдсэн нь эндээс тодорхой харагдаж байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21.1.Хуулиар хориглоогүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд төрийн болон албаны нууцтай зэрэглэл харгалзахгүй танилцана” гэж заасан. 

Мөн хуулийн 27.1.Төрийн болон албаны нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, иргэн дараах нийтлэг үүрэг хүлээнэ.

27.1.2.танилцсан болон ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн төрийн болон албаны нууцыг хамгаалах, ажиллах хугацаанд, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөний дараа ил болгох хүртэл хугацаанд задруулахгүй байх” гэх үүргийг хүлээсэн. Энэ үүргээ зөрчсөн болж таарч байна. 

Нууц гэдэгт нууц баримт, нууц мэдээлэл аль аль нь ордог. Ерөнхий сайдын ярьсан зүйл нь мэдээлэл, харин ил болгоно гээд байгаа бичлэг нь “баримт” нь юм.

Нууцад хамаарах мэдээллийг задруулах, нууцад хамаарах баримтыг ил болгохын аль нэг нь л хангалттай. 

Тэгэхээр өөрийнх нь хэлдгээр тэрээр төрийн нууц задруулсан байж “болзошгүй” байна.


Ерөнхий сайд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого хийв үү?

Монгол Улсын үндсэн хуулийн 16.14 “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан. Энэ асуудлыг шүүх шийдвэрлэж байгаа биз дээ. Гэм буруутай юм уу үгүй юу, хэн нь ямар гэм буруутай юм гэдэг асуудлыг шүүх л шийднэ. Ерөнхий сайд дүгнээд байх юм шүүх байгаад хэрэг ч байхгүй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар шүүх хэргийг хурдан шийдвэрлэхгүй байгаа асуудлыг ярилцана гэв. Юу гэсэн үг вэ? ҮАБЗ-өөс шүүхэд даалгавар өгнө гэсэн үг юм уу? Цэр нь цээжинд бөөр нь бөгсөнд гэдэг. Ерөнхий сайд прокурорын ажлыг хийгээд зогсохгүй шүүх рүү дайрч давшилж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 47.1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан.  Хэрэг шийдвэрлэх хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар явагддаг. Үүнийг түргэвчлүүлэх чиглэл өгнө гэдэг бол шууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэсэн үг. 

Энэ асуудлаар Ерөнхий сайд нь хэвлэлээр шүүхээ буруутгаад мэдэгдэл хийж, хэргийн материалын талаар баримт дэлгээд олон нийтэд мэдээлэхээр шүүх шударгаар шийдвэрлэх хүнд дарамтад орох нь ойлгомжтой асуудал.

Энэхүү ёс зүйн алдаа гаргасан шүүгч нарын асуудлыг холбож яриад “хонгилын шүүгч” гэх нэр томьёог ашиглаж эхэлж байгаа нь энэ асуудлыг хүссэнээр шийдвэрлээгүй нь “хонгилын шүүгч шүү” гээд хэлчхэж байна. Нийгэм улс төрийн хүнд дарамтыг “эрүүдэн шүүсэн” гэх хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч нарт үзүүлж байгаа юм.
Энэ хэрэг шийдвэрлэгдэж холбогдох хүнийг гэм буруутайд тооцож ял өгвөл дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт ял өгсөн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөлийн улмаас хүчингүй болгож дахин хянах уу гэдэг том процесс явагдана. Үүнийг шийдвэрлэх шүүгч нарт ч мөн адил дарамт үзүүлчихэж байгаа юм. 

Ерөнхийд нь л А.Гансүх, Баасанцогт нарын зохион байгуулснаар ажилладаг гээд хэлчхэж байна. 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь шүүх засаглалаа буруутгаж ард иргэдийнхээ өмнө зарлаж болохгүй л дээ. Засаглал хоорондын тэмцэл бий болгох гээд байгаа юм шиг. 

Нэр цохож А.Гансүх зохион байгуулсан байж болзошгүй гэж ч дурдсан. Энэ нь өөрөө хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн явдал юм. Цаашлаад эрүүдэн шүүсэн гэх хэргийг шийдэж байгаа шүүгч нарт ч Засгийн газраас нөлөөлж байна гэсэн үг.

 

Дахиад л хонгилын шүүгч...

Шинээр илрүүлэх хүсэлтийг ч шийдэх шүүгч шинээр илрүүлж  Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг чөлөөлөхгүй бол мөн л хонгилынх болно. Шүүхийн тухай шинэ хуулиар эрх баригч нам шүүхийн сахилгын хорооны гишүүдийн 50 хувийг дангаар бүрдүүлэх эрхтэй болсон. Энэ нь шүүхийн сахилгын хороогоор дамжуулан шүүгч нарын ажил амьдралыг шийдвэрлэх боломжийг өөртөө бий болгосон явдал. Ерөнхий сайд гарч ирээд шууд шүүхийг буруутгасан ийм мэдэгдэл хийж байгаа нь хэлж ярьснаар шийдэхгүй бол ингэнэ шүү гэсэн урьдчилсан сануулга юм. 

Ер нь шүүх эрх баригч намын гарт орсон шүү гэдгийг зарлан тунхаглачихлаа.