УИХ-аас Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай бие даасан хуулийг 2004 онд батлан мөрдүүлж, улмаар 2013 онд шинэчлэн найруулсан байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаабөгөөд цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт нэмэгдэхээр байгаа аж.

Гэвч тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардлага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэгдсэн байна.

Иймд дээрх бэрхшээлийг арилгах болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан “Хууль сахиулах байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах” зорилтыг хангах шаардлагад тулгуурлан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдах зөвшөөрлийг олгохоор зохицуулсан байсныг өөрчилж, үйлдвэрлэх болон импортлох эрхтэй хуулийн этгээд тодорхой хяналтын хүрээнд худалдахаар зохицуулжээ.

Тэсэлгээний ажил явуулах эрхтэй хуулийн этгээдийг (бусдын захиалгаар тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх) байнгын агуулахтай байхыг шаардаж байсныг өөрчилж, харин аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тэсэлгээний ажил гүйцэтгэх газарт тухай бүр нь түр агуулах байгуулан ажиллах, тэсэлгээний ажил явуулсан тохиолдол бүрийг тогтоосон журмаар тайлагнах үүргийг хүлээлгэсэн байна.

Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөө бүхий дүгнэлт гаргах эрхтэй “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага”-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй байсныг өөрчилж, холбогдох журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд батлан мөрдүүлэхээр заасан байна.

Тус хуулийн үйлчлэх хүрээ нь цэргийнхээс бусад зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтээр хязгаарлагдаж байгааг харгалзан тусгай зөвшөөрөл авахтай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас санал авдаг байсныг онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын санал болгон өөрчилж, аюулгүй ажиллагаа, галын болон гамшгийн эрсдэлт байдлын хяналтыг нэмэгдүүлжээ.

Пиротехникийн хэрэгслийг ашиглахтай холбоотой зохицуулалт сул байсныг өөрчилж, тодорхой зохицуулалтыг шинээр тусгасан байна. Пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйлдвэрлэх, импортлох, ашиглах бөгөөд энэ төрлийн тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгохоор тусгасан байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулсан.