Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оын сонгуулийн санал хураалт маргааш улс даяар явагдана. Уг асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Ээлжит сонгууль маргааш явагдахад бэлэн боллоо. Санал хураалт өглөө 07:00 цагт эхэлж, 20:00 цагт хаагдана. Бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Уг ажилд улсын хэмжээнд 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хэсэг, тойргийн хороодод ажиллаж байна. Засгийн газраас баталсан коронавирусийн халдвараас сэргийлэх журмыг бүх шатанд мөрдөн ажиллаж буй. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисуудыг хүргүүлсэн. 

Энэ удаагийн сонгуульд ирцийн босго тавиагүй. Санал хураах цагийг богиносгосон байгаа. Санал хураалтын явцад бид аль болох ил тод байдлыг хангах, сонгуулийг шударга, эмх цэгцтэй, хуулийн хүрээнд явуулах бүхий л нөхцөл байдлыг тооцож, бэлтгэл ажлыг хангасан. Санал хураалтын урьдчилсан дүнгүүд маргааш оройдоо гарч эхэлнэ. Сонгуулийн явц, ирцтэй холбоотой мэдээллүүдийг СЕХ, УБЕГ хамтран маргааш 12.00, 15:00, 19:00 цагт мэдээлнэ. 

Санал хураалт дууссаны дараа гар тооллогыг 50 хүртэлх хувьд нь явуулна гэж хуульд заасан байдаг. Бид гар тооллогыг шууд 50 хувьд нь хүргэж тоолох зөвлөмжийг өгсөн. Уг тооллогыг тухайн хэсгэд байгаа нам, эвслийн төлөөлөгчдийн ажиглагчдын саналаар, сонголтоор ил тод тоолно. Үүнд эргэлзээ, ямар нэгэн нууж хаах зүйл байхгүй.

8000 гаруй мандат дээр 17000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Энэ бүх хувилбарын саналын дүнг шууд дэлгэцээр техникийн боломж байхгүй. Өмнөх сонгуулиадаар ч ийм байсан. Гэхдээ бид техникийн асуудлыг боломжоороо шийдвэрлэсэн. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл СЕХ-ны сайт руу орж, сонгуулийн хэсэг, тойрог, сум, дүүргийн сонгуулийн дүнтэй танилцаж болно. 

Өнөө өглөөний 09.00 цагаас битүүмжилсэн хайрцагаар санал хурааж эхэлсэн. 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Маргаашийн сонгуульд идэвхтэй оролцохыг иргэдэд сонгогчиддоо уриалж, уриалга гаргалаа" хэмээлээ.