Хэдийгээр ар араасаа IPO гарч, хөрөнгийн зах зээл дээр хүч үзэж байгаа ч иргэдийн хувьд санхүүгийн зах зээлийн нэг тулгуур багана хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг тааруухан явааг баримтаар ХҮИС-ийн багш доктор П.Баянсан дурьдаж байна. 

Дэлхийн банкнаас монгол иргэдийн 90 орчим хувь нь банкны бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй гэдгийг судалгаагаар танилцууллаа. Гэвч хувьцааны арилжаа, брокерын үйл ажиллагааны талаар ердөө 14 хувь нь мэдэж байсан гэсэн дүн гарчээ. 

Мөн тэрбээр Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд дээр судалгаа хийжээ. Гэвч судалгааны дүнгээс үзэхэд 50 хүрэхгүй хувь нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэг ажээ. Хурлаа хийдэг компаниудынх ихэнх нь МХБ-ийн I, II зэрэглэлд багтдаг. Харин хойрго хандаж байгаа нь III дугаар зэрэглэлийнх. Энэ нь тухайн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл авах эрхийг зөрчиж байгаа хэрэг гэв.

Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 300 гаруй компани бүртгэлтэй байна. Харин ногдол ашиг өгдөг нь 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа аж. Магадгүй компанийн үйл ажиллагаанаас хамаарч ногдол ашиг тараахгүй байж болно. Гэхдээ тараахгүй гэдэг шалтгаанаа хуралдаад олон нийтэд мэдэгдээд явах ёстой аж. Тэрбээр "Ногдол ашиг өгөхгүй байна гэдэг хүний мөнгийг хүүгүй ашиглаж байна гэсэн л үг. Үүнийг хувьцаат компаниуд бодож тооцох ёстой" гэлээ.