Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-ын Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думээс санаачлан зохион байгуулж буй чуулга уулзалтад дэлхийн 96 орны парламентын төлөөлөгчид оролцож байгаагаас 19 орон парламентын тэргүүний, 15 орон парламентын дэд даргын түвшинд хүрэлцэн иржээ. 

Чуулга уулзалтаар дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд түлхэц үзүүлэх, терроризмоос сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үндэсний хууль тогтоомжийн хөгжлийг хангах, парламентын дипломатыг хөгжүүлэх зэрэг парламентын тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны тогтвортой механизмыг бүрдүүлэх өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Тэмүүлэн нар ажиллаж, салбар хуралдаануудад оролцож байгаа юм.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой уулзав

Олон улсын чуулга уулзалтад оролцохоор ирсэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Монгол Улсын парламентын төлөөлөгчдийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Төрийн Думын байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хүчин чармайлт чухал нөлөөтэй гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Найрамдал нөхөрлөлийн олон жилийн түүхтэй, найрсаг харилцаатай, хөрш орны хувьд бид ОХУ-ын Төрийн Думээс зохион байгуулж буй энэхүү томоохон арга хэмжээнд Парламентын тэргүүний хувьд оролцож буй нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.

Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ далайц, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа. Тухайлбал УБТЗ-ыг хөгжүүлэх, нэлээд хэдэн жил яригдсан “Эдийн засгийн коридор байгуулах” төслийг ажил хэрэг болгох талаар санал солилцов.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд “2019 онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд, хамтран тэмдэглэх нь манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, дайны үед ч, энхийн цагт ч мөр зэрэгцэн тэмцэж явсанбахархалт түүхийг дархлах онцгой ач холбогдолтой юм” гэсэн санал дэвшүүлснийг ноён В.В.Володин дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Мөн ОХУ 2025 онд олон улсын ЭКСПО үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулахаар нэрээ дэвшүүлснийг Монгол Улс дэмжих болно гэж УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ.

Хоёр талын худалдаа, эдийн засгийн болон бусад бүхий л салбарын хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллагууд бүх талаар бүрэн дэмжиж ажиллах нь хоёр орон, ард түмний нийтлэг эрх ашигт бүрнээ нийцэх болно гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд ноён В.В.Володинийг энэ онд Монгол Улсад айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.

Ерөнхийлөгч В.В.Путиний зөвлөх И.Е.Левитин УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа

Зургадугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний бие төлөөлөгч, Монголыг сайн мэдэх хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, хэд хоногийн дараа Улаанбаатарт болох гэж буй “Орос, Монголын санаачилга-2018” арга хэмжээ амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ноён И.Левитин өмнө нь ОХУ-ын Засгийн газарт Тээврийн сайдаар ажиллаж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг ахалж байсан бөгөөд Улаанбаатарт болох уулзалтад оролцох юм.

“Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос нэлээд идэвхжиж байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газрын салбар хариуцсан сайдуудын ихэнх нь ОХУ-д ажлын айлчлал хийсэн байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар мөн уулзаж, хамтын ажиллагааны нэн чухал асуудлуудаар санал солилцсон. Бүхэлдээ манай хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байна. Гэхдээ боломж нөөцөө сайн ашиглах, илүү өндөр түвшинд хүргэх шаардлагатай байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцоллоо.

Тэрбээр Монгол Улс 14 жилийн турш ажиглагчаар оролцсон ШХАБ-д гишүүнчлэлтэй болох, эсэх асуудлыг ҮАБЗ, УИХ-ын түвшинд нухацтай судалж байна. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байгаа. Эдгээр асуудлаар хоёр улсын Ерөнхийлөгч уулзах үеэрээ илүү тодорхой ярилцах байх хэмээн тэмдэглэлээ.

Ноён И.Левитин “Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах нь танай улсын хувьд чухал ач холбогдолтой гэж би үздэг. Түүнчлэн Монголын нүүрсийг Алс Дорнодын боомтуудыг ашиглан гадаад зах зээлд гаргах нь чухал юм” гээд, Улаанбаатарт болох “Орос, Монголын санаачилга-2018” уулзалт энэ мэт хамтын ажиллагааны олон чухал асуудалд хариулт өгнө гэдэгт итгэж байна” гэв.

Уулзалтын үеэр төмөр зам, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, авто зам, бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтын нээлтэд үг хэллээ

УИХ-ын дарга М.Энхболд зургадугаар сарын 04-ний өдөр болсон Чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Энэхүү чуулга уулзалт орон орны парламентчид уулзан золгож, харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг томъёолох маш сайхан боломжийг бидэнд олгож байна” хэмээн тэмдэглээд, “Газар нутгийн хол ойр, нутаг дэвсгэрийн их, бага, хүн амын олон, цөөнийг үл харгалзан, дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн бүрэн эрхт гишүүн нь бид юм, бид хамтын хүчин чармайлтаар асуудлаа шийдэж чадна гэдгийг мэдрэх нь, нийтлэг зорилгынхоо төлөө гар гараасаа барилцаж нэгдэх нь нэн таатай хэрэг юм. Чухамхүү ийм боломж бүрдүүлж байгаад энэхүү арга хэмжээний үнэ цэнэ оршино” хэмээн онцоллоо.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Улс үндэстний оршин тогтнол, дэвшил хөгжил, ард түмний эрх чөлөөт, амар тайван, сайн сайхан амьдралд заналхийлсэн аливаа эрсдэлийн эсрэг Та бид нэгэн бүхэл, цул хүч болон сөрөн зогсох ёстой. Энэ эрхэм зорилгод Монгол Улс, 800 гаруй жилийн түүхэн улбаатай Монгол Улсын парламент өөрийн хувь нэмрээ оруулахад ямагт бэлэн байх болно” гэв.  

Чуулга уулзалт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.