“Монголын үнэт цаасны бирж”-ээр дамжуулан “Минж Проперти” компани нээлттэй хүрээнд нэг тэрбум төгрөгийн бонд гаргаж байгаа билээ.

Орон нутгаас барилгын компани нээлттэй хүрээнд бонд гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд анхны тохиолдол төдийгүй онцлог үйл явдал болж байна. Үүнийг дараа дараагийн орон нутгийн компани хөрөнгийн зах зээлд хөл тавих эхлэл гэж зарим шинжээч үзэж байгаа юм.

Тус компани Дархан-Уул аймагт хэрэгжүүлж буй “Парк Таун-2” төслийнхөө урсгал санхүүжилтийг энэхүү бондоор босгох юм. Өөрийн хөрөнгөөр баталгаажсан бонд гаргагч “Минж Проперти” компани нь Дархан-Уул аймагт 2011 оноос барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй. 

Дархан хотын шинэ орон сууцны зах зээлийн 50 гаруй хувийг дангаар хангадаг тус компанийн эргэлтийн хөрөнгийн нийт хөрөнгөд эзлэх хувь 2017 онд 77.89 хувь буюу 13.81 тэрбум төгрөгт хүрч өссөн байна. “Парк Таун” бондын анхдагч зах зээлийн захиалга ирэх сарын 3-нийг хүртэл үргэлжлэх ажээ. Дархан-Уул аймгийн нийт хүн ам 101.8 мянгаар хэмжигдэж байна. Үүний 60 орчим хувь нь хөдөлмөрийн насны хүн ам. Монгол Улсын нийт хүн амын 3.3 хувь оршин суудаг Дарханы нийт ашиглалтад орсон орон сууцны барилгын 70 хувь нь 1950-1980 онд барьсан байна.