УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд "Эдийн засгийн байнгын хорооны саналаар Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 46 гишүүн бүгд дэмжиж, 100 хувийн саналаар тогтоолын төслийг батлав.

Тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн Монголын талын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгахаар тусгасан байна.