УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох ёстой байсан юм.

Гэсэн хэдий ч Байнгын хорооны гишүүд санал гаргаж, мэдээллийг хойшлууллаа. 

Учир нь, ажлын хэсгийн дүгнэлтээс гадна аудитын дүгнэлт, АТГ-аас хийсэн шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлтэйгээр өчигдөр гишүүдэд тараагджээ. Тиймээс бүх материалтай танилцаж үзэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов.
Оюутолгойн ажлын хэсгийнхэн уг асуудлаар 9 удаа хуралдсан байдаг. Байнгын хорооны гишүүдэд  л тараагдсан уг материал дээр Оюутолгойгоос хариу тайлбар ирсэн нь зарим УИХ-ын гишүүдийг бухимдуулжээ. Энэ тал дээр Оюутолгойг шалгах ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Ажлын хэсгийн том тайлангийн хураангуй хэлбэрийг энгийн журмаар гишүүдэд тараагдсан. Энгийн тайланг өнгөрсөн баасан гарагт байнгын хорооны дарга Оюутолгой компанид албан бичгээр өгсөн" гэж хариулсан байна.

Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ төрийн гурван өндөрлөгт ч бас хүргүүлээд байгаа билээ.