“Оюутолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөр ажлын байрны тэгш бус байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус компани Монгол улсын хууль тогтоомжийг зөрчин хэвийн бус, хүнд нөхцөлд ажиллаж буй ажилтнуудад олгох урамшууллыг нь хассан байна. Нэмэгдэл хассан шалтгаанаа “Оюутолгой” компани хөдөлмөрийн хэвийн бус байдлыг үнэлгээний АШУҮИС-ийн институтын судалгааны тайланг үндэслэн уг шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлажээ. Харин судалгааг хийсэн  АШУҮИС-ийн институтын зүгээс "Энэ бол дүгнэлт биш. Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зөвлөмж байсан" гэсэн тайлбарыг хийсэн аж.

Хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувь байдаг. Уг асуудлаас үүдэн тус компанийн 60 ажилтан өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш уг нэмэгдлийг авч чадаагүй аж:

Тэд уг асуудлаар сүүлийн 6 сар Оюутолгой компанийн удирдлагуудад тавьсан ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй аж. Тиймээс Хөдөлмөрийн хамтын маргаан өрнүүлсэн байна. 

Тэдний зүгээс ажлын байрны нөхцөл сүүлийн 7 жилд тоосжилт ихтэй гарсан, мөн үнэлгээг зөвшөөрөгдсөн байгууллага хийгээгүй гэсэн юм. Тиймээс шүүхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

"Оюутолгой" ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны идэвхтэн гишүүн Буяндэлгэр:

Хэвийн бус нөхцөлд ажиллачихаад нэмэгдлээ авч чадахгүй байгаад бид гомдолтой яваа. Иймээс ч дуу хоолойгоо нэгтгэсэн. Бид дулааны станц, цэвэрлэх байгууламж, ШТС зэрэгт ажилладаг. Энэ ажлын байрууд НХХ-ын сайдын 77 дугаар тушаалд хэвийн бус гэдэг ангилалд багтсан байдаг. 

“Оюутолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч Эрдэнэбат:

-“Оюутолгой” компани хөдөлмөрийн хэвийн бус байдлыг үнэлгээгээ хийлгэсэн тус газар нь хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох эрхтэй байгууллага биш. Бид энэ талаар компанидаа мэдэгдэж хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг буцаан олгох хүсэлт тавьсан. Тэд бидэнд Монгол улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас энэ асуудал үүссэн гэж тайлбарласан.Бид дүгнэлт хийсэн АУШИС-ийн судалга хийсэн институтын судалгааны багтай уулзахад "Бид нарын хийсэн судалгаа ажилчдын цалин хасах үндэслэл болохгүй. Харин ч хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах дүгнэлт болж очдог" гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд Оюутолгой компани Монгол улсын хууль тогтоомжийг үл харгалзан зардал хэмнэх ажлын хүрээнд монгол ажилчдын хэвийн бус нөхцөл байдлын нэмэгдлийг хассан гэдэг нь харагдаж байна. Нэг маань энэ асуудлыг сөхөж ярьснаас болж ажлаасаа халагдсан учраас бид ажлын байраа алдах вий айдас түгшүүртэй байгаа. Үнэндээ энэ том бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаадаа манай залуус баяр бахдалтай байдаг. Гэхдээ хэзээ ч олон улсын төсөлдөө таарсан цалин авч байгаагүй. Ядаж хэвийн бус нөхцлийн нэмэгдлийг хасаж байгаад бид гомдолтой байна" гэв.

Өмгөөлөгч Б.Тунгалагнаран

-"Оюутолгой” компанитай маргаан үүсгэх болсон шалтгаан нь Оюутолгой” компани болон ажилтнуудын дунд байгуулагдсан хамтын гэрээний заалт зөрчигдсөнтэй холбоотой. Гэрээндээ хэвийн бус нөхцөлийг хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад олгоно гээд заачихсан.

Гэвч заасан заалтаа зөрчих шалтгаан олсон нь мэргэжлийн бус байгууллагаар гаргасан дүгнэлт юм. Энэ нь өөрөө НХХС-ын 77 дугаар тушаалыг зөрчиж байна. Тушаад ямар ажлын байрыг хүнд хортой нөхцөлд орно гэдгийг тодорхой заачихсан. Гэтэл тушаалыг үл тоон 290 ажлын байраас 60-ыг нь хүнд хортой нөхцөлөөс гаргаж хөнгөн нөхцөл рүү шилжүүлсэн. Хөдөлмөрийн сайдын тушаалд үнэлгээ нөхцөлийг тогтоох эсэхийг зөвхөн Хөдөлмөрийн эрүүл мэндийн төв хийнэ гээд баталчихсан. Одоо хөдөлмөрийн хамтын маргаан үргэлжилж байна. Ажилчдын зүгээс өрнүүлсэн энэ маргааныг зогсоох үүднээс Оюутолгой ХК Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үүнээс болоод хөдөлмөрийн хамтын маргааныг үргэлжлүүлэхгүй болгож байгаа юм. Үүний цаана нэмэгдэл хөлсийг өгөхгүй байгаа нөхцөл байдлыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа нь харагдана.